Бидний үр хүүхэд “Гадаад өр” хэмээх нүхэнд уналаа. Хүүхдийн 100,000 төгрөг тэргүүтэй бэлэн мөнгийг манай төр гадаадаас зээлж бидэнд тарааж байна.Тэд улсын төсвийг орлогоосоо давсан зарлагатай батална. Байхгүй мөнгөө Мазаалай, Чингис, Гэрэг….. гоё нэртэй бонд гаргаж гадны зээлээр орлуулна. Зээлийн хугацаа дуусангуут өөр нэртэй бондоор солино.
Авсан зээлээ дахин зээлээр санхүүжүүлнэ. Үүнийг “Өрийн хавх” гэдэг юм. Монголбанк жилд зөвхөн арилжааны банкуудад бараг 500 тэрбум төгрөгийн хүү төлснөөр өнгөрсөн дөрвөн жилд 2 их наяд төгрөгийг банкуудад өгчээ. Гадаадын банк, санхүүгийн байгууллагад төлж буй мөнгө үүнээс хэд дахин илүү.
2020,2021 он гэсэн хоёр жилийн хугацаанд л гэхэд 7 их наяд төгрөгийн өр тавьж байна. Өнөөдөр Монгол улсын нийт гадаад өр 91,7 их наяд төгрөг.Энэ нь манай улсын 10 жилийн төсөвтэй тэнцэж байна.Нэг иргэн гадаадад 27,8 сая төгрөгийн өртэй. 3 хүүхэдтэй нэг өрх дунджаар 140 сая төгрөгийн гадаад өртэй. Энэ мөнгийг тэгээд юунд зарцуулсан бэ ? гэж үү. Үйлдвэр барьж,зэс нүүрсээ дотооддоо ядаж боловсруулж, бүтээгдэхүүн экспортод гаргахад биш. Идэж уугаад дуусгаж байна.Энэ онд төсвөөс 1 их наяд 650 тэрбум төгрөгийг 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлж байна. Бэлэн мөнгө тарааж, халамжийг нэмэгдүүлж ядуурлаас гарсан түүх дэлхийд байхгүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байгааг онцгойлон анхааруулсаар байна. Гадаад өр Монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрчээ.
Үр хүүхдээ энэ үхэр шиг өрийн занганд унагаж байгаагаа мэдэж байна уу Монголчууд аа!!! Нүхнээс гарах ямар хэцүүг унаж үзсэн үхэр л мэднэ дээ.
Сэтгүүлч Б. Отгон