Олон улсын Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийнүзэсгэлэнг төрийн ордонд дэлгэлээ. “Монголын ирээдүй Миний ирээдүй” үзэсгэлэнд 6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд 1581 бүтээл ирүүлснээс шалгарсан бүтээлүүдийг онцолжээ. Хүүхдүүд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн бөгөөд тэдний 40 хувь нь өөрийн ирээдүйн хүсэл мөрөөдлөө зурсан бол 22 хувь нь Монгол Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг өөдрөгөөр харж байгаагаар дүрсэлсэн байна. Нийт бүтээлийн 13 хувь нь байгаль экологийн агуулгатай байсан бөгөөд өнөөдрийн нийгэмд шүүмжлэл дагуулж буй агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харилцаж байгааг дүрсэлсэн бүтээлүүд байна.
Хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдүүдэд хандан үг хэллээ.
Тэрээр
“…Хүүхдүүд та нарынхаа захидлыг уншаад захидлын мөрөөр олон ажил хийж эхлүүлсэн. 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, бодитой ажлуудыг хийж байна. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болгохын төлөө чармайн ажиллаж байна… гэдгийг онцлоод
…Сайн сурах чухал ч, сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү гэж Ерөнхийлөгч нь та бүхэнд захья. Урлаг, спорт хүнийг сайн сайхан хүн болгон төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй. …Өөрийнхөө ирээдүйг эх орныхоо ирээдүйтэй холбож ойлгож, мөрөөдөж, түүнийгээ зургаар илэрхийлнэ гэдэг авьяаслаг, сайхан сэтгэлтэй, сайн хүн болохын шинж.
Эх орныхоо ирээдүй болсон Монгол Улсын залуу иргэн Та бүхний гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл биелж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие хүүхдүүд та нартаа, мөн Монголынхоо ирээдүйд итгэж байна…” гэсэн юм.
Эх сурвалж: President.mn