Д.Сумьяабазарын “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын мөнгийг төлүүлээч.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа Эрүүл мэнд, Нийгмийн даатглын 200 -аад тэрбум төгрөгийг “Капитал” банкиндаа хадгалж төлөлгүй дампууруулсан. Тэгвэл түүнтэй хамт СХД-ээс Их хурлын гишүүн болсон өнөөгийн хотын дарга, Д.Сумьяабазарын “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” мөн л Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн олон ТЭРБУМ төгрөгийг “хадгаламж” нэрээр авсан ч эргүүлж төлөхгүй, банк нь “эрсдэлтэй” ангилалд ороод байна.
Өнгөрсөн жилийн өдийд Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгснөө мэдэгдсэн ч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын мөнгийг буцааж авах талаар ажил хийсэнгүй.
Сар бүр нийгмийн даатгал төлж буй иргэдийн олон тэрбум төгрөг эрсдэлтэй нөхцөлд ороод байхад бодит байдлыг ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Баатархүү тэргүүтэй төрийн албан хаагчид олон нийтээс нууж, худлаа ярьсаар байна.
Баримт хэлье!!
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-тай 2017.06.07-ны өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээ”, 2018.01.31 -ний өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” тус тус байгуулснаар 2018.01.01-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны Хадгаламжийн дансанд 17.5 тэрбум төгрөг, Харилцах дансанд 4.2 тэрбум төгрөг нийт 21.7 тэрбум төгрөг байршуулжээ. Өнөөдөр үүнээс 16.1 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжаа авч чадаагүй байна. Өдрөөс өдөрт Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, хүүгийн авлага нь нэмэгдсээр байна.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд зөвхөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын мөнгө төдийгүй төрийн бусад томоохон аж ахуйн нэгжүүдийн мөнгийг хадгалах нэрээр авсан ч өгөөгүй байна. 2021-07-01 өдрийн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн. Тус хуралдаанд Үндэсний аудитын газрын дүгнэлтээр төлбөрийн чадвар буурсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн нийт 161.5 тэрбум төгрөг байршуулсан ч төлбөр барагдуулах, зарлагын гүйлгээ, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтүүд хийгдээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, Сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгө хөрөнгө эрсдэл үүсч байгааг танилцуулсан билээ.
“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны томоохон хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан, хотын дарга Д.Сумъяабазар, түүний дүү Д. Дагвадорж, хамтрагч Үндэсний хөгжлийн газрын дарга асан, Эрдэнэс Монгол ХК, Эрдэнэ таван толгой ХХК-ийн ТУЗөвлөлийн дарга асан Б. Баярсайхан нар юм.
Тус банкинд үүссэн энэ нөхцөл байдал нь Б.Ундармаагийн “Капитал” банкны улсад учруулсан хор хохиролыг яг давтаж байна. “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” дампуурлаа гэхэд ард түмэн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын мөнгөө хаанаас олж авах вэ? Сангийн яам, Монгол банк, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын удирдлагууд албан тушаалаа бодож, нам нэгтнээ хаацайлж суухаар олон нийтэд бодит мэдээлэл өгөхийг шаардаж байна.
Сэтгүүлч Б.Отгон 2021.08.13