Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос “Шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээ” нэвтэрч эхэлсэн. Ингэснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлт хийж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Өвөрхангай Арвайхээр, Өмнөговь Даланзадгад, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ Алтанбулаг, Хэнтийн Чингис хот, БНХАУ-ын Эрээн зэрэг чиглэлүүдэд шөнийн цагт 3113 тээврийн хэрэгслээр 92251 зорчигч тээвэрлэлтэд оролцож байна. Улс, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 68 чиглэлийн аялалын үргэлжлэх хугацаа дундажаар 15 – 30 цаг зарцуулдаг нь шөнийн цагаар тээвэрлэлт гүйцэтгэх шалтгаан болдог. Гэвч сүүлийн жилүүдэд хот хоорондын нийтийн тээвэрт гарсан зам тээврийн ослын 40 гаруй хувь нь шөнийн тээвэрлэлтийн үед гарсан судалгаа гарчээ.
Олон улсын жишигт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн тээврийн үйлчилгээг олон арга хэлбэрээр гүйцэтгэдэг нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг.
Тиймээс Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тодорхой зохион байгуулалтын ажлыг хийж эхэлжээ. Тухайлбал, улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, амралтын дэглэмийг чанд мөрдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.