Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг , зөрчил жилээс жилд өсөн нэмэгдэж, түүний хохирогчийн ихэнх хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзлэх болсон. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран нийгэмд үйлчлэх гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Энэ удаад Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороо, дүүрэгтээ нийгмийн идэвх сайтай 60 хүнийг сонгон авч сургагч багшаар бэлтгэж сертификат гардуулсан байна.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, залуучуудыг соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгуулах замаар хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулна гэж тооцож байна.
Хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан, нөхцөлийг олон хүчин зүйлтэй холбон авч үзэж болох ба ялангуяа иргэдийн нийгмийн ухамсрын доройтол, мэдээ мэдээллийн сөрөг урсгал, эрх зүйн мэдлэг, боловсролын төвшин, ядуурал зэрэг гадаад , дотоод олон зүйлтэй холбон авч үздэг. Тиймээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль, хяналтын байгууллагын үүрэг төдий бус нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүн бүрийн оролцоо чухал юм.