Улаанбаатарын гоё нэртэй хотхонуудад байрны урьдчилгаа нэрээр баахан мөнгө өгөөд хохирсон иргэд цагдаа шүүхээр улаа эргэтэл явж байхад тэднийг залилж хэдэн тэрбумыг босгосон луйварчид зүв зүгээр явж байгаа нь Монголд хууль байхгүй болсны сонгодог жишээ юм. Иргэд цагдаад хандаад ч хууль хяналтынхан ядарсанд нь биш задарсанд нь үйлчилж, иргэд хохирсон дээрээ нэмж хохирсоор байна.
– ТОСК,НОСК-ийн намд өгсөн хандивын орон сууцуудыг сонгуулийн өмнө хямд борлуулна гэж эхнэр нөхөр Э.Болорчулуун, Э.Солонго нар 100-аад иргэнээс 6 тэрбум төгрөг залилсан. Цагдаа дээр хэргийг нь нам гацаах хооронд эхнэр нь өөр хүнтэй сууж, дахиад хүүхэд гаргах болжээ.
– “Luxury apartment” гэх хотхоныг 13-ийн Натур, Модны -2 –ийн хажууд зэрэг сүндэрлүүлнэ хэмээн 100 гаруй иргэнээс 8 тэрбумын урьдчилгаа авчээ. Хэргийг шалгах явцад эзэд нь өөрсдийн нэр дээрхи бүх үл хөдлөх хөрөнгийг өөр хүмүүс рүү шилжүүлсэн.. гэх мэтээр орон сууцтай болох гэсэн иргэдийг бөөнөөр нь хохироосон хэрэг олон. Тэдэнтэй яг адилхан байрны урьдчилгаа нэрээр 500-аад иргэнээс 8 тэрбум төгрөг залилсан “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн луйварыг илчилж байна.
…. Анх 2018 оны 1-р сараас эхлээд “Гурванмарал констракшн” нэрээр оффицеруудын ордоны хойно “Амар – Амгалан 2”хотхоныг жилийн дараа ашиглалтанд оруулна. Ингэхдээ 30 %-ийн урьдчилгааг бэлнээр авна. Үлдснийг нь өөрийн компаний “moon leasing “ банк бусын зээлд 5 хувийн хүүтэй 10-15 жилийн хугацаатай хамруулна, түрүүлж захиалсанд хямдралтай гэх мэтээр томоохон ТВ- үүдээр сурталчилсаар захиалга авчээ.Захиалсан барилга нь 6 давхар хүрээд таг зогссон. Энэ хооронд тус компани Амгалангийн Цагдаагийн академийн ард “Амар-амгалан 3” гэх төсөлд дахиад олон хүнээс урьдчилгаа авсан ч огт баригдаагүй байна. Гэтэл тэд нэг байран дээр хэд хэдэн иргэдийг давхцуулж гэрээ хийсэн байлаа.
Луйвар байсныг мэдсэн иргэд Баянзүрх дүүргийн цагдаад хандсан ч хэрэг бүртгэл мөрдөн байцаалт хэдэн сараар сунжирчээ. Хэрэг Нийслэлийн мөрдөн байцаах газарт шилжиж улмаар 2020 оны 7 сард Баянзүрх дүүргийн прокурорт очсон байдаг. Прокурор дээр мөн л гацааж, хоёр ч прокурор солигджээ. Ингээд өнгөрсөн 8 сарын 30 нд шүүх хурал болох байсан ч шинжээчдийн баг ирээгүй гэсэн шалтгаанаар 9 сарын 20 болж хойшлоод байна. Залилуусан иргэд хохироод 3 жил болж байхад “Нарны хүү, Сарны охин ”компаний захирал Гүрсоронзонг цагдаагийнхан огт цагдан хориогүйгээр барахгүй хөрөнгө, дансыг нь ч битүүмжлээгүй байна . Энэ хооронд тэрээр Хятадын иргэн рүү 3 тэрбум төгрөг хүртэл шилжүүлээд гаргасан байсныг аудитаар тогтоожээ. Аргаа барсан хохирогчид энэ зунжин прокурор шүүхийн гадаа суулт хийж байж 8 сард шүүхээс Гүрсоронзонг цагдан хорих шийдвэр гаргаад байна.
Гэвч иргэдийн хохирлыг хэн, хэзээ хэрхэн барагдуулах нь тодорхойгүй өдий хүрч байна.