Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийн эхний ээжлийн сургалт эхэллээ

132

Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдах “Оролцоо” төслийн нэгдүгээр ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ.

Төсөлд бүртгүүлж сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн 1000 залуу Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн “Шар хад” дахь сургалтын төв, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын хотхонд 14 хоногийн хугацаанд хүний хөгжлийн цогц вакуумжуулсан нэгдүгээр ээлжийн сургалтад хамрагдаж, ажлын байранд зуучлагдах юм.

Тэднийг өнөөдөр нэгдсэн зохион байгуулалтаар халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд мөрдөн түргэвчилсэн шинжилгээ болон эрүүл мэндийн үзлэгт хамруулж, 2 сургалтын төвд хуваарилан үдэх арга хэмжээг Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Хурандаа С.Ганбямба, ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал, бригадын генерал, профессор П.Жаргалан нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж, оролцогч залууст амжилт хүслээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн үгэндээ,

“Ажил олгогчдын зүгээс мэдлэг туршлагаас илүүтэй хариуцлага, хандлага, хувь хүний хөгжил төлөвшилт сайтай ажилтан эрэлхийлж байна. Нөгөө талдаа мэргэжилгүйгээс, эсвэл эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр хомс, хувь хүний хөгжил хандлага дутмагаас залуус хөдөлмөр эрхлэхгүй, тохирох ажлын байран дээр ажиллаж чадахгүй байна. Томхон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа энэ үед залуус та бүхний оролцоо маш чухал. Өөрийгөө хөгжүүлье, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя, хөдөлмөр эрхлэе хэмээн зориг шулуудан эх оронч сэтгэлээр “Оролцоо” төсөлд хамрагдаж байгаа та бүхнээр бахархаж байна” гээд амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төслийн хүрээнд нийт 5000 гаруй залуусыг хувь хүний хөгжлийн цогц сургалтад 12 ээлжээр хамруулан хөдөлмөрт бэлтгэх юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here