Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг дэвсгэрт МАК компани 2020 онд Хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн баруун өвөр энэ нутаг нь дэлхийд ховордсон Аргаль хонины жилийн 4 улирлын нутаг төдийгүй тус багийн малчдын 80 хувийнх нь өвөлжөөний нутаг юм.
Тиймээс нутгийн иргэд нь эсэргүүцэж, лиценз олгосон Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайдад ханджээ. Гэвч эрхэм сайд Г.Ёндон хууль ярьсан сумын дарга, ард түмний өөдөөс гэрээ ярьж, үл тоожээ.
Тодруулбал, Завхан аймгийн Шилүүстэй Сумын засаг даргын зүгээс Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч МАК компани байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын хуульд заасан үүргээ биелүүлээгүй учраас лицензийг нь цуцлах саналыг Уул уурхайн сайдад тавьжээ. Энэ нь хэдийгээр Ашигт малтмалын хууль дахь лиценз цуцлах үндэслэл биш боловч МАК компани байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчиж буйг сануулжээ.
Гэвч УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуд нь, Ашигт малтмалын хуулийн 56.1 буюу лиценз цуцлах үндэслэлд энэ заалт байхгүйг дурджээ.
Хамгийн сонирхолтой нь 2021 онд Уул уурхайн сайд, Завхан аймгийн Засаг дарга хамтран ажиллах ГЭРЭЭНД Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн тул тус компаний хайгуулыг дэмжиж ажиллахыг үүрэгджээ.