Ц.Гантулга: Өнөөгийн эрх баригчид намын бялуу хүртэх гэсэн бүлэглэлүүдийн шантаажнаас хэтэрч ажиллаж чадахгүй байна

1030

“Шинэ нам”-ын  төв зөвлөл саяхан  хуралдаж,  намын  даргаар Цэндсүрэнгийн Гантулгыг сонгожээ. Түүнтэй ярилцлаа.

Сур: Шинэ намын дарга болсонд баяр хүргэе. Шинэ намын даргын  хувиар анхны ярилцлагаа өгч байна. Урьд нь олны төдийлөн мэдэхгүй, шинэ хүн,  гэнэт намын даргаар сонгогдлоо.Намын дарга болох шалтгаан юу байсан бэ?

Ц.Гантулга: ”Шинэ нам”-ын төв зөвлөл нь 21 аймаг 9 дүүрэгт төлөөлөлтэй. Төв зөвлөлийн гишүүд хуралдаад 100 хувийн саналаар надад итгэл хүлээлгэж,  “Шинэ нам”-ын даргаар сонгосон. “Шинэ нам”-д ч улс төрд ч би цоо шинэ хүн биш . “Шинэ нам”-ыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгч 1000 гаруй журмын нөхөдтэйгөө Анхдугаар Их хурлаа хийж, үүсгэн байгуулж байсан хүний нэг л дээ. Шинэ нам байгуулагдснаас хойш 2 жилийн хугацаанд намынхаа  орон нутаг хариуцсан дэд даргаар ажиллаж ирсэн.

Сур: Өмнө нь Ардчилсан намын гишүүн байсан бил үү ?

Ц.Гантулга: Тийм ээ.  Ардчилсан намын удирдах зөвлөл, Үндэсний бодлогын хороо, Гүйцэтгэх зөвлөл, аймгийн ИТХ гээд намын бүх шатанд ажиллаж  байсан. Аймгийн АН-ын дарга ч хийж явсан. Дорноговь аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж тасралтгүй 12 жил  аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Өнгөрсөн  2020 оны сонгуульд ” Шинэ эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд Дорноговь аймагт нэр дэвшсэн. Улс төрд шинэ хүн биш гэж бодож байна.

Сур:Ардчилсан намаас гарах болсон шалтгаан юу байсан бэ?

 Ц.Гантулга Шударга ёс хаана байна вэ? Монголын төлөө  цохилох зүрхтэй хүн хэн байна вэ? Улс орны нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө хэн дуугарч  байна вэ? тэр хүмүүстэй би нэгдэхийг хүссэн.Тухайн үеийн АН-ын удирдлагуудын бодлого, үйл ажиллагаа миний хүсэл зоригтой нийлэхгүй байсан учраас би өөрөө өргөдлөө өгөөд АН-аас гарч байсан. Шударга байхыг шаардсныхаа төлөө  намдаа адлуулж, хавчигдаж явсан үе надад бий.

Сур:ШИНЭ нам байгуулагдах болсон шалтгаан яг юу вэ?

Ц.Гантулга: Нийгмийн ороо бусгаа үед шударга ёсыг эрэлхийлж, улс орныхоо тусгаар, тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж үлдэх гэсэн шударга иргэдийн санаачилга нэгдэл дээр үүсэн байгуулагдсан нам.  Манан дэглэмийн эсрэг тэмцэл, иргэний нийгэм, ТББ-ын үндэс суурин дээрээс бий болсон, олон мянган шударга ёсыг хайсан иргэд намаасаа гарч, нам бус иргэд ч нэгдсэн. 

Сур: Шинэ намын өмнөх удирдлагууд болох Л.Болд Ж.Батзандан нар юу хийж байгаа вэ?

Ц.Гантулга: ШИНЭ намын өмнөх удирдлага тухайн цаг үедээ хийх зүйлээ хийж, үүргээ гүйцэтгэсэн хүмүүс шүү дээ.Намын төв зөвлөлийн дарга Л. Болд Белги улсад элчин сайдаар томилогдсон. Намын анхны дарга Ж.Батзандан Австрали улсад албан ажлынхаа хажуугаар суралцахаар явсан.

Сур: ШИНЭ нам 2020 оны УИХ-ын сонгуульд нэлээд сүр дуулиантайгаар орсон. Гэвч УИХ-д суудал авч чадаагүй. Сонгуулийн дараа нам яг ямар үйл ажиллагаа явуулав?

Ц.Гантулга: Сонгуульд эвсэл болж орсон улс төрийн намуудын хувьд алдаа оноо мэдээж байсан байх. Гэхдээ сонгууль илт луйвар болсон гэдгийг биднээс гадна эрх баригч МАН дотор ажиллаж байсан хүмүүс хэлж байгаа. Санал тоолох машины программыг өөрчилсөн байж болзошгүйг нотлох маш олон баримтууд бий. Доминион Вотинг хийдэг залуус гарч ирээд юу ярьсныг хүмүүс мэдэж байгаа байх. Сонгууль гэдэг бүлэглэлийн  луйвар болсныг хэн хэн нь мэддэг болж дээ.

Сур: ШИНЭ намын нэрийг задлаад үзвэл Шударга иргэдийн нэгдсэн эвсэл  гэсэн үг. Нийгэмд шударга ёс тогтоох та нарын зорилго, зорилт хэвээрээ юу?

Ц.Гантулга: Бидний сонгуульд оролцсон маань ч үүний л төлөө хийж буй ажлын нэг хэсэг.Төрөө бид шударгаар бүрэлдүүлж байж нийгмээс шударга ёсыг шаардана, Цаашид Монгол улсад нэг намын ноёрхол биш, улстөрийн эрүүл чиг хандлагатай намууд, иргэдийн төлөөллийг УИХ-д суудалтай болгох сонгуулийн шинэ тогтолцоо шаардлагатай. Үүний тулд улстөрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийг  хүртэл өөрчлөх ёстой.

Сур:  Танай намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого үйл ажиллагаа бусад улс төрийн намуудаас ялгарч чадаж байна уу?

Ц.Гантулга:Үзэл баримтлалын хувьд үндэсний эх оронч үзэл дээр суурилсан,  баруун төв үзэлтэй.  Ардчилсан үзлийг өөртөө шингээсэн, иргэний нийгмийн оролцоотой нам.   Олон мянган иргэдийн төлөөлөл болсон намын хувьд  их хуралд заавал  төлөөлөлтэй болох, нам харгалзахгүй бурууг засаж, зөвийг дэмжих, намчирхаж талцдаггүй иргэний нийгмийг бий болгохын төлөө зорьж байна. Намын хатуу гишүүнчлэлтэй байхыг бид шаарддаггүй.   Дэлхийн жишигт хүрсэн намын дотоод зохион байгуулалтыг өөртөө шингээж байгаагаараа онцлогтой.

Сур:ШИНЭ нам УИХ-д  2 суудалтай байхдаа ШИНЭ намын зөвлөлөөр дамжуулан сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байсан. ШИНЭ нам нийгэмд яг ямар өөрчлөлт, юу авчирсан бэ?

Ц.Гантулга: Өнөөгийн  бий болсон төрийн тогтолцоонд шинэ нам өөрийн хувь нэмрээ оруулсан. Үндсэн хуулийн шинэчлэлд чухал үүрэгтэй оролцсон. УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөр баялагтаа эзэн болох, Баялгийн хувьсгал – Эрдэнэт УҮГ, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур ХК, Эрдэнэс-Таван толгой ХК, Асгат, Оюу толгой-Дубайн гэрээний асуудал… гээд бүгд яригдаж байсан. Мөн АТГ, УДШ, ҮХЦ гэх мэт хууль, шүүхийн байгууллагад нүүрлсэн шударга бус байдал, С.Зориг агсаны хэргийг шалгах түр хороо болон  эрүү шүүлтийн хэрэг гэх мэтийг дурьдаж болно .  Засгийн газрын үйл ажиллагаа, төсөв, өр зээлийн асуудал, хар жагсаалт, мөнгөний бодлого, коронвирусын үед засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой санал, тухайлбал төсвийн хяналтыг бий болгох, бүх намын төлөөллийг багтаасан Үндэсний зөвшилцлийн хороо байгуулах, гадаадад байгаа иргэдээ яаралтай татан авах,ахмадын тэтгэврийн зээл, Банкинд зээлтэй иргэд, нийгмийн шударга бус тогтолцоонд хохирсон иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн, мөн УИХ-аар хэлэлцэж буй бүх хууль, тогтоомжинд санал асуулга явуулж, байр сууриа илэрхийлж ирсэн. Цаашдаа үйл ажиллагаагаа тогтвортойгоор үргэлжлүүлнэ.Засгийн газрыг шахаж шаардана.

Сур: Шинэ намын бодлого үйл ажиллагаанаас яг ард иргэдийн амьдралд буусан зүйл бий юу?

Ц.Гантулга: Өнөөдрийн эрх баригчид дангаараа өөрсөд дээрээ наачихаад байгаа болохоос биш Шинэ намын санаачилж хэрэгжүүлсэн олон ажил бий. Шинэ намын 2 гишүүн болох Л.Болд, Ж.Батзандан нар  санаачилж,  УИХ дахь зөвлөлөөр дамжуулаад 300 мянган иргэдийн тэтгэврийн зээлийн асуудлыг цэгцэлж өгсөн.Хохирогчдын холбоо, зээлдэгчдийн холбоотой хамтран ажиллаж эхний ээлжинд 100 орчим мянган тэтгэврийн зээлтэй иргэдийн 300 мянгаас 6 сая хүртэлх тэтгэврийн  зээлийг тэглэж өгсөн. Үлдсэн  197.000 мянган  зээлгүй ахмадад Салхитын мөнгөний ордын  орлогоос хүртээсэн.

 Сур: Өнөөгийн монголын улстөрийн тогтолцоо, засгийн газрын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна вэ?

Ц Гантулга: Энэ хүнд цаг үед эрх баригч нам хэт олон суудалдаа эрдэж маш хариуцлагагүй ажиллаж байна. Намын дотоод үйл ажиллагаа нэгдсэн бодлогогүй, зөвхөн намын бялуу хүртэх гэсэн бүлэглэлүүдийн шантаажнаас хэтэрч ажиллаж чадахгүй байна. Үнэндээ хэт их эрх мэдлийн төлөөх аархал нь ард түмний нөхцөл, бодит амьдралд буухгүй байна. Парламентад хүчтэй сөрөг хүчний дуу хоолой илт үгүйлэгдэж байна. Иймээс Шинэ нам удахгүй болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцох бодолтой байна.

Сур: Баярлалаа. Танд амжилт хүсье.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here