Ардчилсан нам 10-р сарын 1-нд Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгуулна

135

УИХ дахь АН-ын бүлэг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэд юун түрүүнд хоёр хэсэг салснаараа буюу М.Тулгатын болон О.Цогтгэрэл нарын тал нэгдэн мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ юун түрүүнд 10-р сарын 1-нд тус намаас Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгуулахаар төлөвлөснөө онцоллоо.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах шаардлагыг хүргүүлж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар харицлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдээс уучлалт гуйх ёстой.  Учир нь 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ойн баярыг  тэмдэглэсэн, одон медаль тараасан, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хөдөө орон нутгаар явж хийсэн, дараа нь  уул овоо тахих нэрийдлээр Covid-19  халдварыг тараасан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуй. 

Халдварын нөхцөл байдал хүнд, шатахууны хомстолд орсон хүндхэн  үед УИХ-ын гишүүд гадуур зугаалаад явж таарахгүй. 76 гишүүд яаралтай цугларч хуралдах хэрэгтэй байна. Сүүлийн хоёр жил УИХ-ын сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж асуудлыг шийдвэрлэсэнгүй. Covid-19-ийн  хуулиар далимдуулан  Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа авсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл ямар байгаа нь бидний нүдэнд ил байна. Хятадын хил хаалттай, хойд хөршөөсөө шатахуун авч чадахгүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэзээ ч ийм хүнд байдалд орж үзээгүй. 

АН-ын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын  1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Монгол Улсын эдийн засаг, эрүүл мэндийн нөхцөл байдал хүнд үе дээр ирлээ. Цар тахал гээд дэлхий нийтээрээ хүнд байдалд байхгүй байна. Урд хөрш гэхэд эдийн засаг нь нэг их наяд төгрөгийн өсөлт үзүүлээд эхэлсэн.

Эрх баригчдад ямар нэгэн эрх мэдэл дутаагүй. Гэтэл нөхцөл байдал дээрдсэнгүй. Шатахуун бол олон асуудлын нэг илрэл. Үүний цаана тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Тиймээс эрх баригчид бодлогын алдаагаа засах ёстой” 

АН-ын дарга М.Тулгат:

-Цар тахал бол дэлхий нийтэд тохиолдож байна. Зарим улс орнууд эдийн засгаараа дэнчин тавьж, эрүүл мэндээ хамгаалж байна. Зарим нь эрүүл мэндээ дэнчин тавьж, эдийн засгаа хамгаалж байна. Гэтэл манайх аль ч тал дээр бодлого алга. Өнөөдөр 1100 хүний амь насыг алдлаа. Эдийн засгаа сэргээх зорилгоор 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл үр дүн гарахгүй байгаад зогсохгүй шатахууны хомстолд орж, хил нь хаалттай, ачаа бараа нь хил дээр овоорч байна. Одоо хангалттай.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here