УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү шатахууны хомстолын асуудалд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр төрд Нэгдүгээрт, эрсдэлийн менежмэнт байхгүй байна, хоёрдугаарт, шатахууны нөөц бүрдүүлээгүйгээс шалтгаалж хомсдол үүссэн бол үнэхээр гутамшигтай явдал гэжээ.
Тэрээр, шатах тослох материал бол стратегийн чухал бүтээгдэхүүн бөгөөд стратегийн бодлого, шийдвэр улс төрийн шийдвэр байдаг. Бид дотооддоо нефтийн үйлдвэргүй байгаа тохиолдолд 100 хувь гадны улс орноос хамааралтай болж байгаа. Ийм асуудалд бодлого алдана гэдэг бол төрийн бодлого алдагдсаны илрэл. Төрийн бодлогыг хэн тодорхойлох үүрэг хүлээж байгаа нь хариуцлага үүрнэ. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ эндээс ямар нэгэн байдлаар дүгнэлт гаргах хэрэгтэй болж байна. Нэг ёсондоо улс орны ҮАБ-д нөлөөлөх стратегийн гол бүтээгдэхүүний хомсдолд оруулсан албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой.
Тиймээс өнөөдөр бид шатахууны хомсдолд орсноо геополитикийн асуудлаас болсон юм шиг хөрш орон руугаа хандсан буруу ташаа мэдээлэл өгөөд байх шаардлагагүй. Нөгөө талаас бизнесийн зарчмаар явж байгаа асуудалд гэрээ хэлэлцээрээ аль нэг тал нь хангаагүй бол асуудал ийм түвшинд хүрэхээс өөр аргагүй, гэжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин