Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Чингис хааны музей байгуулах болон Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн музейг нэгтгэх гэсэн хоёр тогтоол гарчээ.
Хуучнаар Байгалийн түүхийн музейг одоогийн Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэн зохион байгуулна. Ингэснээр, Байгалийн түүхийн музейн барилга шинээр баригдтал үзмэрүүдийг нь Үлэг гүрвэлийн музей рүү шилжүүлэхээр болсон байна. Байгалийн түүхийн музейн 12 мянга гаруй үзмэр бүтэн зургаан жилийн турш дараастай байгаа юм. Тиймээс Байгалийн түүхийн музейн ашиглалтын өмнөх захиргааг байгуулж, дээрх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Харин Байгалийн түүхийн музейн хуучин барилга байгаа суурийг суллаад Чингис хааны музей байгуулах юм байна. Тус музейн зураг төсөл гарсан бөгөөд Чингис хааны өв соёл, түүх, судалгаа, эрдчим шинжилгээний гол зангилаа болно гэж үзэж байна.