Д.Занданбат: Төсвийн төлөвлөлтийн үйл явцыг ил тод, нээлттэй болгох хэрэгтэй

254

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлж байгаа юм.

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Үндэсний аудитын газар аудит хийснээ Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

Аудитын дүгнэлтээр төсвийн орлого нэмэгдүүлэх 2 асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх 5 зөвлөмж өгсөн байна.

Үндэсний аудитын газрын дүгнэлт:

Аудитын дүгнэлт 6.3

Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал, ТЕЗ-дын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.

Аудитын дүгнэлт 6.6

Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.

Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд МУЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн үргүй зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.

Аудитын дүгнэлт 6.7:

Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна.

Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод  байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагаанд уг зохицуулалт тодорхойгүй байна.  

Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай.

Аудитын дүгнэлт 6.10

Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зохицуулалт хийх шаардлагатай.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам шинээр “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар 7.8 тэрбум төгрөг суулгасан байна. Шинэ газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалт нь тодорхойгүй, бүтэц, чиг үүрэг нь батлагдаагүй байгаа нь одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад яам, агентлагтай чиг үүргийн хувьд давхцах эсэх талаар, мөн Шинжлэх ухаан, технологийн сангийн төсөв болон бодлогын талаар тодруулах ёстой гэж үзжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here