Түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг, тойрог зам барихаар боллоо

3611

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна
 
Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг “Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо.

“Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банкинд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө.
2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.                 
 
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулна
 
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр жил бүр ил тод үнэлэн, цаашид сунгах эсэхийг шийддэг болох, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага бүрийн ажлын байрны тодорхойлолт, туршлага, томилсон тогтоол шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулах, цаашид нээлттэй сонгон шалгаруулж, сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх бүхий л тайлан мэдээллийг ил тод болгох арга хэмжээг энэ сард багтаан хэрэгжүүлэхийг даалгав.

Шинээр өр төлбөр үүсгэх, үнэт цаас гаргах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байх, стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гаргах бол Засгийн газрын түвшинд танилцуулж, шийдвэрлүүлэх, Засгийн газрын шийдвэргүйгээр компани байгуулахгүй байх, дамжуулан зээлийн өр төлбөрийг төсөвтөө тусган, эргэн төлөх төлөвлөгөө, хуваарийг батлан хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах аливаа зардлыг үйл ажиллагаа, зорилтод нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Санхүүгийн тайланг дэлгэрэнгүй ил тод мэдээлэх, санхүүгийн голлох үзүүлэлт, худалдан авалт, удирдлагын шийдвэр, аудитын дүгнэлт, төсөвт төлсөн татвар, бусдаас авсан болон бусдад өгсөн хандив, тусламжийн мэдээллийг 2021 онд багтаан цахим хуудсанд нээлттэй байршуулж олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

 
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна
 
Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт  дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.  

Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here