ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан газар тариалангийн үйлдвэрлэл, энэ жилийн ургац хураалтын талаар мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон байлаа. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнөх жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хурааж авлаа.
Хүнсний ногооны 99,1 хувийг хураасан буюу энэ нь 110 мянган тонн бөгөөд өмнө нь дотоодын хэрэгцээний 47 хувийг хангадаг байсан бол энэ жил 60 хувийг хангах боломж бүрдэж байна гэсэн үг. Мөн 244,3 мянган тонн улаан буудайг хураан авсан. Гурилын үйлдвэрүүдэд гурван хувийн зээл олгох ажил зохион байгуулалтын шатандаа явж байна.
Энэ жил онцлох нэг таатай зүйл нь хувийн хэвшлийн “Жимекс” компани 2 га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан. Бага мэт сонсогдож байгаа ч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. Дотоодод тарьж ургуулсан цагаан будаа “Хөсөг” нэртэйгээр та бүхний гар дээр очно, гэсэн юм.