Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ.
Ингэснээр үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг олгож буй юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дархлаа сэргээх түр цэгийн ажилтнуудын хуваарийг гарган ажиллуулж байна. Дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр “Ковид-19” цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.