Загсийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг өнөөдөр/2019.08.18/хуралдаж “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг сунгах шийдэлд хүрчээ. Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан юм.
Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал үүсч, улмаар тус үйлдвэрт хийсэн шалгалтын үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрээс 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн юм. Тиймээс дээрх асуудлуудыг цэгцлэх, шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор онцгой дэглэм тогтоож буйг тухайн үед мэдэгдэж байсан. Хугацаа ёсоор онцгой дэглэмийн хугацаа ирэх сард дуусах товтой байсан ч Эрдэнэт үйлдвэрийг шалгах үүрэг бүхий ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг өнөөдөр буюу Ням гаригт хуралдаж, онцгой дэглэмийн хугацааг сунгах шийдэлд хүрчээ.
Хугацааг сунгах болсон шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой “Жаст” групп, “Монголын зэс корпораци” зэрэг талуудын асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаагаас үүдэлтэй юм байна. Энэ талаарх албан ёсны шийдвэрээ удахгүй гаргах бололтой.