Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргалаа

500

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргажээ. Учир нь хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүлсэн байна. Гэхдээ эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой бөгөөд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна гэж тооцоолжээ.

Мөн оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээ хүлээлтээс давж, бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдлаа.  Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн улам гүнзгийрч, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэн, цаашид гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзжээ.

Тиймээс эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалана гэж тооцож байгаа ажээ. 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here