УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат та говийн онгон байгалиас савраа тат!!!
2022.01.10-ны өдөр Хүрмэн сумын ИТХ-аар энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Цагаан дэл уулын боомт руу тавих замын трансын газрыг батлах асуудал орсон байна. Малчид нь шинэ боомт нээж, зам тавихыг эсэргүүцэж сумын захиргааныхаа гадаа жагсаж байгаа нь энэ.
Өмнөговь аймагт Гашуунсухайт, Шивээхүрэн гэж хоёр ч боомт нээн уул уурхайн бүтээгдэхүүн Хятад руу экспортолж байна. Нэмж гуравдахь боомт болох Цагаан дэл уулын боомтыг Хүрмэн, Номгон сумын зааг, Говийн бага дархан цаазат газрыг хаяалдан нээхийг малчид эсэргүүцэж ийнхүү жагсчээ. Тэд говийн байгалиа хамгаалж, амжиргаагнаасаа салахгүйн эрхэнд ийм үйлдэл хийж байна. Ханхонгор сумаас Цагаан дэл уулын боомт хүртэл 270 км хатуу хучилттай зам тавина. Үүний 140 км нь Хүрмэн сумаар дайран өнгөрөх юм.
Хилийн цаахна Хятадын тал бүтээн байгуулалт , зам харгуйгаа бүгдийг нь авчирсан. Хэрвээ энэ боомт нээгдвэл Өмнөговь аймгийн урд талын 6 суманд олгогдсон 60 гаруй уул уурхайн лиценз амилж, олборлолт эхэлнэ. Гэтэл боомт нээх, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх энэ газар нь говьд унаган төрхөө хадгалж үлдсэн цөөхөн газрын нэг.
Энэ нь Говийн баянбүрдүүд, Хайлаас, Тоорой,заг, зэгс, хулс, эмийн ургамлууд, ховордож улаан номд орсон амьтдын өлгий нутаг юм. Ерөнхийлөгчийн тэрбум мод байтугай говийн байгаль, мод ургамал энд сүйдэх гэж байна. Энэ орчмыг дархан цаазат газарт оруулах асуудал ч өмнө нь яригдаж байжээ. Хүрмэн сумын өнөөгийн удирдлагууд дээрээс ирсэн тушаалыг биелүүлэхгүй бол ажлаасаа халагдаж, авгай хүүхдээ тэжээхэд хэцүү байдалд орох учирлаад улс орны эдийн засагт хэрэгтэй хэмээн малчдын тархи угаах оролдлого хийсэн ч амжилт олсонгүй.
Хурал түр хойшилжээ. Уг нь энэ газрыг уул уурхайгаас малчид биш, Монголын Байгаль орчны яам хамгаалах ёстой. Үүний төлөө олон хүн эрх ямба эдэлж, цалин хөлс авч буй. Гэтэл БОАЖ-ын сайд Н.Уртнасан энэ асуудал дээр хуруугаа ч хөдөлгөхгүй. Учир нь тэрээр 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн М.Ундрамын сонгуулийн менежерийг хийснийхээ шагналд сайдын албан тушаалд томилогдсон билээ. Ханхонгор сумаас Цагаан дэл уулын боомт хүртэл тавих 270 км зам барих концессийг авсан компани нь “Ундрах говь. Энэ компаний хувьцааг “Монзол компани, БНХАУ-ын иргэн Шэн-Ян-Жун-Баотой хамтран эзэмшдэг.
“Монзол компаний эзэн нь Чойжамцын Чинбат буюу УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав юм. Энэ мэдээллийг сэтгүүлч миний бие өмнө нь гаргаж тавьж байсан. Хөөрхий малчид УИХ, ЗГ ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд дээрхи асуудлыг хөндсөн ч Ганц сэтгүүлчийн мэдээлэлд итгэлээ гэж сумын удирдлагууд малчдаа загнасан гэнэ. Нээлттэй мэдээллийг хайгаад олж чадахгүй байгаа бол бүх баримтуудыг нь дахиад тавиад өгье. Эндээс учир шалтгааны холбоосыг олж үзээрэй.
Ямартаа ч малчид нь сумын захиргааны гадаа жагссаны хүчинд хурлыг хэд хоног хойшлуулсан байна. Дүн өвлөөр малаа эзгүй хаяад сумын захиргааны үүдэнд лоозон тэврээд өдөржин зогстол нь малчдыг бүү зовоо!!
Ийм л эрх мэдэлд дулдуйдсан, хууль бус зүйлүүд хуримтлагдсаар, ард түмний хилэн нэг л өдөр тэсэрч дэлбэрснээр тусгаар тогтнолд нь аюул нүүрлэж, гадныханы эрхшээлд орж, нийтээрээ хохирдгийг Казакстаны жишээ бидэнд харуулаагүй гэж үү?
Сэтгүүлч Б.Отгон 2022.01.12