Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлээр УИХ-ын гишүүн болсон гэх Хассуурийн Ганхуяг хууль зөрчин хилийн зурвас газрыг олборлож байна

Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлээр УИХ-ын гишүүн болсон  гэх Хассуурийн Ганхуяг хууль зөрчин хилийн зурвас газрыг олборлож байна

УИХ-ын гишүүний дархан эрхээр далайлгаж, улсын дархан хилд халдахаа зогсоо!! Х.Ганхуяг аа!!!

Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлээр УИХ-ын гишүүн болсон гэх Хассуурийн Ганхуяг хууль зөрчин хилийн зурвас газрыг олборлож байна. Улсын хил халдашгүй дархан байхыг Хилийн тухай хуулиар баталгаажуулсан байдаг.

Гэтэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь Хилийн 0132-р ангийн 2-р заставын орчим, улсын хилээс 5 хан км-т “Меланж” гэх компани нүүрс олборлолт эхлүүлсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байна. Энэ компаний ард 60 тэрбумын улс төр, бизнесийн маш том бүлэглэл байгааг өмнө нь дурдсан. Тэднээс өнөөдөр хамгийн том эрх мэдэлтэй нь УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг юм.

Хилийн зурваст хөрс хуулалт хийж байгаа “Вертекс майнинг партнер” компани түүнийх. Мэдээж бүртгэл дээр өөрийнх нь нэр байхгүй. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй. Гэхдээ “Вертекс майнинг партнер ” компаний гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү Хассуурийн Хашчимэг ажиллаж байна. Энэ бол тус компани УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий болохыг нотлох баримт мөн.

Энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээлийг тус банкны захирал асан одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй хамтран УИХ-ын гишүүн Х.Ганхуяг,Г.Дамдинням нар авсан нь нь ил болсон. Тухайн үед тус компаний хувьцааг Х.Ганхуягийн дүү Х. Хашчимэгтэй хамт УИХ-ын гишүүн Г. Дамдинням эзэмшиж байсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Дамдинням компаний бүртгэлээс өөрийнхөө нэрийг хасуулжээ.

“Вертекс майнинг сервис “ компаний олборлолт эхлүүлсэн улсын хилийн зурвас гэдэг бол иргэн аж, ахуйн нэгж хэн ч улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтэрдэг, тусгай дүрэм журам мөрддөг онцгой бүс билээ. Хилийн тухай хуулийн 26.3.1-д хилийн зурваст олборлолт явуулах байтугай газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон байдаг. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон байх шаардлагатай байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүний дархан эрхээр далайлган дархан хилд халдах эрхийг Х.Ганхуягт хэн өгөв? Үндсэн хуулиа баталж, парламентийн засаглалыг сонгосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. УИХ-ын гишүүний халдашгүй эрх нэрийн дор парламентад бүлэг дээрэмчдийг оруулж , бүтэн улсаа тонуулахыг 30 жилийн өмнө Үндсэн хуулиар тунхаглаагүй биз дээ.

Хамгийн гол нь Дорнодын хар шороон хөрс бол Монголд байтугай дэлхийд ховорхон баялаг. Энэ хөрсийг сүйтгэж нүүрс ухлаа гэхэд Хассуурийн Ганхуяг тэргүүтэй хэдхэн гэр бүлийг л баяжуулна. Харин бүтнээр нь үлдээвэл .Монголчуудыг хэдэн үеэр нь эрүүл хүнсээр хангах нөөц тэнд бий. Цөлжилт, усгүйдэл, бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед үлдсэн үржил шимт хөрсөө хамгаалж үлдэх нь Монгол төрийн бодлого биш үү?

Эсвэл өнөөдөр ухаж л байвал ирээдүй бидэнд хамаагүй юм уу? Ганцхан энэ үеэр л Монгол улс дуусах гэж үү? /Хассуурийн Ганхуягийн компани болохыг батлах баримтуудыг хавсаргав./

Сэтгүүлч Б.Отгон 2022.01.13

271784665 469564044532958 8493390526753742098 n 1024x717
271723040 469564124532950 7841748281665013536 n 1
271655373 469563944532968 3766902203401706056 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.