“Алтыг нь аваад авдрыг нь “ гэж үг бий. Уул уурхайгаас олж буй орлогыг улсын төсөвт бүгдийг төвлөрүүлж байгаагаас уг уурхайг газар нутаг дээрээ ажиллуулж, сөрөг нөлөөллийг нь амь, амжиргаагаараа эдэлж буй нутгийн хүмүүст төдий л хүртээл алга.
Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутагт БНХАУ-ын “Петрочайна дачин тамсаг ” компани 2005 оноос эхлэн газрын тос олборлон экспортолж буй. Тус компани Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19-р талбайд 210 км квадрат, 21-р талбайд 650 км квадрат талбайд газрын тос олборлодог. Газрын тосны тухай хуулинд “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь нэг хавтгай дөрвөлжин км тутамд 100 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж заасны дагуу 2015-2017 оны улсын төсөвт тусгай зөвшөөрлийн төлбөр болгож, нийт 929,6 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Гэтэл уг төлбөрөөс хуулиараа орон нутагт очих хувийг өнөөдрийг болтол хуваарилаагүй, нэгдсэн төсөвт захиран зарцуулсаар иржээ.
Уг нь газрын тосны тухай хуулийн 30,6-д “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна” гэж заасан байдаг.
Иймд Төсвийн тухай хууль, газрын тосны тухай хуулийн дагуу Дорнод аймаг , Халхгол, Матад сумын 2018 оны төсөвт тусгай зөвшөөрлийн төлбөрт ноогдох орлогуудыг хуваарилж, 2015-2017 оны төлбөрийг нөхөн олгох хүсэлтийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох газруудад тавьжээ.