1998 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Хөвсгөл гурил тэжээл” компаний төрийн мэдлийн 51 хувийг 96 сая төгрөгөөр 4 хүн хувьчилж авчээ. Д.Бямбаа, Л.Ганбат, М.Бат-Очир, Б.Батсуурь нарын 4 хувьцаа эзэмшигчээс хамгийн олон хувьцаа буюу 24.9 хувийг нь Д.Бямбаа авсан байна.
Компаний бүх гишүүдийн хурлаас Д.Бямбааг “Хөвсгөл гурил тэжээл” компаний ТУЗ-ийн дарга, Л.Ганбатыг гүйцэтгэх захирлаар томилжээ.Харамсалтай нь гүйцэтгэх захирал Л.Ганбат компаний тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж, компаний дүрмийг өөрчлөн, ганц эзэмшигчтэй болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2021.06.11-нд Захиргааны хэргийн шүүхээс 2004 оны “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ний дүрэм гэгчийг бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоосон байна.
Өнгөрсөн хугацаанд “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Ганбат нь хуурамч тамга тэмдгээ ашиглан, хувьцаа эзэмшигчдийн дундын санд байршуулах ёстой ашиг орлогыг хувьдаа завшсан гэж хамтран өмчлөгчид нь үзэж байна. Мөн үйлдвэрийн барилгын дээвэр дээр байршуулсан үүрэн телефоны оператор компаниудын антенн байршуулсан түрээс болох олон сая төгрөгийг эхнэр Д.Нарантуяагийн “Тэс гүн” ХХК-иар дамжуулан завшсан байж болзошгүй хэргээр 2019 оноос Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Мөн 2010 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн олон мянган тн улаан буудайг хадгалах гэрээгээр авсан ч 1500 гаруй тн-ыг нь дутаажээ.
Шүүхээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжилсэн 343 сая төгрөгийг “Хөвсгөл гурил тэжээл” компаниас олгуулахаар шийдвэрлэхэд энэ өрөнд Хөвсгөл гурил тэжээл компанийн өмчлөлийнх обьектийг шилжүүлэхээр болжээ. Илт хууль бус, хамтран өмчлөгчдийнхөө эрхийг удаа дараалан зөрчсөн Хөвсгөл гурил тэжээл компаний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Ганбатад холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаа, прокурор 3 жилийн турш шийдэхгүй удаашруулж байна.
Энэ талаар нэвтрүүлэг бэлтгэлээ.