Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар 87.5 хувьтай биелжээ.
Нийслэлчүүд амар тайван шинэлжээ
Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн хувьд орны хүлээлт нэгдүгээр сарын 27-ны өдрөөс байхгүй болсон гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцоллоо.