“Хөх сувд-2022" арга хэмжээнд 10 мянга гаруй иргэн, 2000 гаруй машинтай иржээ
“Хөх сувд-2022" буюу “ICE FESTIVAL” 2022 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд 20 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдлаа.

Анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүх, Д.Лхагвацогт нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар “Мөсний баяр” хийж, арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байжээ. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос “Мөсний баяр”-ын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн 2020, 2021 онуудад “Хөх сувд” фестиваль зохиогдоогүй бөгөөд энэ жил ийнхүү өргөн дэлгэр болжээ.
“Хөх сувд-2022” мөсний баярm дотоодын 10 гаруй мянган иргэн, 3000 орчим тээврийн хэрэгсэлтэй ирсэн байна. Мөсний баярт БОАЖ-ын Дэд сайд Г. Түвдэндорж, БОАЖЯ-ны газрын дарга А.Энхбат болон Хөвсгөл аймгийн удирдлагууд зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

Арга хэмжээний үеэр Мөсөн шагайн тэмцээн, Мөсөн сурын харвааны тэмцээн, Дархад, Цаатан, Хотгойд, Урайнхай угсаатнуудын урлагийн урлагийн тоглолт, “Хөх цом” яруу найргийн наадам, “Өвлийн гоёл” үндэсний хувцасны загвар шалгаруулах тэмцээн, Тэшүүрийн тэмцээн, Мөс мөргөлдүүлэх тэмцээн, Аав, ээж, би тэмцээн, Хаан их Сарьдаг, Хатан далай ээжээ хүндэтгэх бөөгийн тахилга, Тахтай хатирч морьдын уралдаан, Хамгийн сайхан морин чаргатай уяач, Мөсөн дээрх волейбол, Мөсөн дээрх олс таталт, сүмо тэмцээн зэрэг олно төрлийн тэмцээн уралдаан, арга хэмжээ болжээ.







Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.