Улаанбаатар хотын түгжирлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл хэрэгжүүлэхээ хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн юм. Харин уг төслийг төвсийн тодотголд оруулаагүй бөгөөд Төсвийн байнгын хороогоор ч хэлэлцээгүй юм. Учир нь 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT төслийг төсвийн тодотголд оруулбал өрийн босго давна гэж үзэн, Төсвийн байнгын хороогоор хэлэлцээгүй талаар Төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар онцолжээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
– “Орж ирж буй төслүүд бүгд хуульд нийцсэн байх ёстой. Би УИХ-ын гишүүн. Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлнэ гэж тангараг өргөсөн. Хууль засагладаг, хуулийн дагуу бүх юм шийдэгдэх ёстой гэсэн байр сууринаас ажиллаж ирсэн. Төсвийн байнгын хороон дээр энэ асуудал орж ирэхэд хуулийн хоёр зөрчил байсан.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дотор бий. Яагаад гэвэл зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани бий. Уг компани регистрийн дугаар аваагүй. Дээр нь гурван жил ашигтай ажилласан гэсэн Өрийн удирдлагын тухай хууль байдаг. Уг хуультай зөрчилдсөн. Энэ 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT, мөн Тавантолгойн цахилгаан станцад 565 сая ам.долларын баталгаа гаргах тухай асуудал байна. Нийтдээ 3.4 тэрбум ам.долларын асуудал болчхоод байна. Ингэхээр Монгол Улсын өрийн босго зөрчигдөж буй. Үүнийг хэлж, Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй. Бүлгийн гишүүд үнийн асуудлаар сайн ярилцсан” гэсэн юм.