"Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ
"Тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан,эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдана. Мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, БТГ-ын дарга Б.Буянтогтох, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар өглөө. ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.24 дэх заалт “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050 “Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл нас баралтын эрсдэлт хүчин зүйлс буурсан байна”; "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх гэж тус тус тусгасан. Илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг илрүүлэх арга хэмжээ юм. Бид энэ удаа хүн амыг бүхэлд нь хамарсан масс илрүүлэг (Mass screening)-ийн аргыг ашиглан эрт илрүүлгийг хийнэ. Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд 2020 оны жилийн эцсийн байдлаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг орж байгаа бол нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин зонхилж байна.

Шинээр оношлогдсон тохиолдлын 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдож, өвчилсөн хүмүүсийн 61 хувь нь оношлогдсоноос хойш 5 жил хүрэхгүй хугацаанд эндэж байна. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар “насанд хүрэгчдийг 11 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулахаар баталсан. Уг тушаалын дагуу 18-аас дээш насны иргэдийн 2020 онд 8.8 хувь буюу 153,155 хүн хамрагдаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.5 тэрбум төгрөгийг, 2021 онд 4.4 хувь буюу 96,690 хүн хамрагдаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулж байсан. Нотолгоонд суурилсан бодлогын баримт бичгийг шинэчлэх, ололт амжилт, сайн туршлагыг нутагшуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/139 дугаар тушаалаар "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”-ыг баталсан.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.