Г.Эрдэнэцолмон: СОР17-ын Ногоон бүсэд 400 гаруй арга хэмжээ болно

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын "Ногоон бүс"-ийн үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцох, мэдээлэл авах талаарх зааврыг хүргэж байна.

СОР17 хурлын нэгжийн НБД Г.Эрдэнэцолмон:

-Оролцох хүсэлтэй иргэд unccd-cop17.org цахим хуудасны "Ногоон бүс" хэсэгт нэвтэрч, урьдчилан бүртгүүлснээр QR код авах боломжтой. Мөн газар дээр нь очиж иргэний үнэмлэхээрээ бүртгүүлэх эсвэл "E-Mongolia" систем ашиглан цахимаар бүртгэлээ баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Хурлын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг түгээх зорилгоор хоёр тусдаа аппликэйшнийг хөгжүүлсэн. Олон улсын оролцогчид болон илтгэгчдэд зориулсан "Brella" аппликэйшнд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийн концепц, спикерүүдийн мэдээллийг дэлгэрэнгүй багтаасан.

Харин cop17-greenzone.com цахим хуудаснаас талбайн зураглал болон иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, дотоодын мэргэжлийн холбоодын тохижуулсан 42 павильоны мэдээллийг харах боломжтой.

Нийт иргэдэд зориулсан "COP17" гар утасны аппликэйшн ашиглалтад орсон бөгөөд үүнээс зохион байгуулалттай холбоотой түгээмэл асуултуудад хариулт авах боломжтой. Тус аппликэйшнд хурлын хөтөлбөрийг монгол, англи хэлээр байршуулсан бөгөөд илтгэгчдийн мэдээлэл, хурлын танхимын хуваарь, арга хэмжээний цагийн тов зэргийг нарийвчлан оруулжээ.

Иргэд өөрсдийн сонирхсон агуулгын хүрээнд хөтөлбөрөө сонгон, чөлөөтэй оролцох бүрэн боломжтой.

"Ногоон бүс" нь олон нийтэд нээлттэй талбар бөгөөд өдөр бүр соёл урлагийн тусгай хөтөлбөртэй байхаараа онцлогтой.

Монгол Улсын мэргэжлийн урлагийн байгууллагууд сэдэвчилсэн өдрүүдийн хүрээнд тоглолтуудаа бэлтгэж дууссан бөгөөд 21 аймгийн шилдэг туршлага, өв соёлыг танилцуулах арга хэмжээ тогтмол зохион байгуулагдана. 

Энэ удаагийн арга хэмжээний нэг чухал хэсэг нь орон нутгийн малчдын дуу хоолойг сонсох нээлттэй талбарыг бүрдүүлсэн явдал юм. Мөн "Кино гэр"-т олон улсын болон дотоодын зургаан киноны нээлт болохоос гадна байгаль орчны сэдэвт сонирхолтой нэвтрүүлэг, контентуудыг олон нийтэд толилуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.