Д.Баасандамба: Дэлхий дайнд бэлдэж байхад бид хоорондоо хэрэлдэж, талцаж, хуваагдаж байна

Дэлхий дахин дайнд бэлдэж, энхийг эрхэмлэх дүрэм журам үйлчлэхээ байсан энэ цаг үед Монгол Улс ч үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, стратегитай байх ёстой цаг үе ирж байна. Уг асуудлаар Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Ярилцлагын зарим агуулгыг эндээс уншина уу.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба:

-Өнөөгийн дэлхий ертөнцөд их гүрнүүдийн өрсөлдөөн ил тод болж, худалдааны дайнаар эхэлсэн тэмцэл улам ширүүсэж байна. Энэхүү геополитикийн ээдрээтэй цаг үед олон улсын судлаачид Монгол Улсыг онцгойлон сонирхох боллоо. Гурван мянга гаруй жилийн турш Евразийн өргөн уудам нутагт цөөнүүлээ оршин тогтнож, үндэсний өвөрмөц соёл, тусгаар тогтнол, газар нутгаа хадгалж ирсэн монголчуудын туршлага дэлхийн анхаарлын төвд байна. Бид өмнө, хойд болон баруун талдаа нийт 300 гаруй сая хүн амтай, өөр хоорондоо тэс өөр дөрвөн том соёл иргэншлийн дунд оршдог. Сэмюэл Хантингтоны "Соёл иргэншлийн мөргөлдөөн" онолоор бол дайн тулаан нь үзэл санаа, эрх ашиг болон иргэншил хоорондын зөрчлөөс үүсдэг бөгөөд Монгол үндэстэн эдгээр хүчирхэг гүрнүүдийн дунд арга эвийг нь олж, байгаль цаг уурын хатуу ширүүнийг даван туулж ирсэн нь "резиленс" буюу сөрөн тэсвэрлэх чадварын тод жишээ юм.

Сүүлийн жилүүдэд бид Сүбээдэй жанжны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэж, түүний цэргийн стратеги, тактикийг олон улсын түвшинд судалж байна. Монголын их амар амгалан буюу "Пакс Монголиа"-г тогтооход Чингис хааны суу заль, есөн өрлөг, мэргэд жанжнуудын оруулсан хувь нэмэр асар их байв. Сонирхолтой нь, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Орос, Герман зэрэг улсууд Монголын цэргийн стратегийг судалж, өөрсдийн байлдааны ажиллагаанд ашиглаж иржээ. Тухайлбал, АНУ-ын Дайны коллежийн генералуудыг бэлтгэх сургалтад Сүбээдэй жанжны стратегийг судалдаг арван гол бүтээл байдаг.

Гэтэл бид өөрсдөө Сингапур, Израиль эсвэл Кэмбрижийн загвар гэх мэт гаднын туршлагыг илүүд үзэж, өөрт байгаа үнэт өвөө орхигдуулах талтай байна. Монгол Улсын хөгжлийн гарц нь гадаад туршлага бус, харин монголчуудын өөрсдийн итгэл үнэмшил, эв нэгдэл, түүхэн үнэт зүйл дээрээ тулгуурлах явдал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй үндэсний үнэт зүйл, өв соёл, Чингис хааны билиг сургаалыг дээдлэх бодлого нь энэхүү "Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги"-ийн салшгүй хэсэг юм. Манай судалгааны баг Монгол орноо гурван удаа тойрч, ард иргэдтэй уулзахад тэд дэлхий нийтийн тогтворгүй байдал, дайн мөргөлдөөний дунд улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг алдалгүй тэсэж гарахыг хамгийн их хүсэж байна.

Энэхүү нийгмийн зөвшилцөл дээр үндэслэн төр, ард түмэн хамтдаа аливаа хямрал, эрсдэлд бэлтгэлтэй байх, эв нэгдэлтэйгээр даван туулах, уналтын дараа хурдан сэргэх чадварыг эзэмших нь нэн чухал болоод байна.

Түүхээс харахад Хүннү гүрний үед Модун Шаньюй тархай бутархай аймгуудыг төрийн хууль, үнэт зүйлийн доор нэгтгэж чадсан бол 13-р зуунд Чингис хаан нийгмийн зөвшилцлийн гэрээ буюу төрт ёсыг гаргаж ирсэн. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан өөрчлөлтүүд нь монголчууд уналтаасаа хэрхэн босож, сэргэж чаддагийг харуулсан түүхэн тэсрэлтүүд байв. 

Өнөөдөр бид дэлхийн бүх улстай дипломат харилцаатай, нээлттэй нийгэмд амьдарч байгаа ч мэдээллийн болон соёлын түрэмгийлэл, эдийн засгийн хамаарал зэрэг шинэ төрлийн сорилтуудтай тулгарч байна.

Олон улсын үнэлгээгээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эдийн засгийн эмзэг байдал, нийгмийн ёс зүйн доройтол, кибер аюулгүй байдал хамгийн их эрсдэл дагуулж байна.

Бид нүүрсний экспортоос хамааралтай эдийн засагтай, эрчим хүч, шатахууны хувьд нэг улсаас хараат байгаа нь стратегийн хувьд эрсдэлтэй юм. Мөн нийгмийн итгэлцэл, хариуцлагын тогтолцоо суларч, гэмт хэрэг, авлига газар авч байгаа нь үндэсний дархлааг сулруулж байна.

Нийгмийн энэхүү эмзэг байдлыг засахад дор хаяж 15 жилийн тууштай боловсрол, хүмүүжлийн бодлого шаардлагатай. Тиймээс бага боловсролын хөтөлбөрт хайрлах, нигүүлсэх сэтгэл, хандлага төлөвшлийг суулгах ажил эхлээд байна.

Дэлхий дахинд ойрын жилүүдэд гео-эдийн засгийн хориг, татварын дайн, стратегийн бүтээгдэхүүний тасалдал болон хуурамч мэдээллийн аюул заналхийлэл нэмэгдэх төлөвтэй байна. Финланд, Швейцар, Япон зэрэг улсууд иргэдээ урт хугацааны хямрал, бүр дайн тулаанд бэлтгэж, хүнс, эрүүл мэндийн нөөцөө бүрдүүлж эхэллээ. Гэтэл манайд иргэний бэлэн байдал, гамшгийн үеийн хариуцлага сул байна.

Үер усны аюул эсвэл эрчим хүчний саатал гарахад бүх хариуцлагыг төр рүү түлхэж, иргэд өөрсдөө оролцохоос илүү ажиглагчийн байр сууринаас хандаж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги нь зөвхөн төрийн байгууллагуудын ажил биш, иргэн бүрийн оролцоо, ухамсар дээр тогтоно. Бид байгалийн гамшиг, эдийн засгийн шок, мэдээллийн дайн зэрэг олон хэмжээст хямралыг даван туулахын тулд бодит үнэнтэй нүүр тулж, дотоод эв нэгдлээ бэхжүүлэх ёстой.

Хөрш орнуудын зөрчил, бүс нутгийн мөргөлдөөнд татагдан орохгүй байх, Монгол хүн Монголоороо тэсэж үлдэх хамгийн том хамгаалалт бол бидний оюун санааны дархлаа, хариуцлагатай төр, оролцоотой иргэн юм. Хямралыг хохирол багатай туулж, маш хурдан хугацаанд эргэн сэргэх чадварыг нийгмийн бүх түвшинд төлөвшүүлэх нь бидний оршин тогтнохын үндэс билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.