Эрүүл мэндийн салбарт 69 төслийг 264.6 тэрбумаар хийх бөгөөд 44 эмнэлгийг шинээр барьж, өргөтгөж, засварлахаар төсөвт тусгажээ

Эрүүл мэндийн салбарт 69 төслийг 264.6 тэрбумаар хийх бөгөөд 44 эмнэлгийг шинээр барьж, өргөтгөж, засварлахаар төсөвт тусгажээ

Эрүүл монгол хүн сурсан мэдсэнээ ашиглан улсдаа ихийг хийж бүтээнэ. Эрүүл монгол хүүхэд энэ улсын ирээдүй. Тиймээс эрүүл хүнээ эртнээс бэлтгэх ёстойг ойлгож, боловсролтойгоо уялдуулан анхаарал тавьж буй талархууштай хэрэг юм.

Ирэх онд “Эрт илрүүлэг”-ийг цэцэрлэг, сургуулийн 270 гаруй мянган хүүхдэд хийхээр төсвийг нь бүрэн баталжээ.

Үүнээс гадна зорилтод бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд маань нэн чухал зүрх судас, даралт, чихрийн шижингийн эмээ ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж, үнэгүй авах болсон нь иргэний халааснаас гарах байсан 103 тэрбумыг хэмнэсэн том дэмжлэг болов. Нийтдээ 430 гаруй мянган ахмадуудын 40 орчим хувь нь ядуу буюу тэтгэврээрээ дөнгөн данган хэрэглээгээ зохицуулж буй гэсэн судалгаа байна.

Тиймээс төр засгаас бодлогоор дэмжиж, ТӨК-иудын төсвөөс гадуур эргэлдэж байсан цэвэр ашгийг төсөвтөө татаж, ахмадуудад суурь тэтгэвэр шинээр олгож, дундаж тэтгэврийг ирэх онд 1.3 саяд хүргэхээ мэдэгдээд байна. Үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнэ сараар бус өдрөөр өсөж буй энэ цагт хэрэглээний эм, тангаа авч чадахгүй нь олон учраас ахмадуудаа үнийн өсөлтийн өмнө хэзээ ч орхихгүй гэдгээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Учрал мэдэгдсэн юм. Тиймээс ахмадуудынхаа эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийе хэмээгээд хамгийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг нь даатгалд хамруулсанд мянга, мянган ахмадууд талархаж суугаа нь дамжиггүй.

Эрүүл мэндийн хүртээмж, үйлчилгээг иргэндээ илүү ойртуулах, эмнэлгийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлөх бодлогын хүрээнд ирэх онд эрүүл мэндийн 69 төслийг 264.6 тэрбумаар хийх бөгөөд 44 эмнэлгийг шинээр барьж, өргөтгөж, засварлахаар төсөвт тусгажээ.

Тухайлбал, та бидний олон жил хүлээж буй Зүрх судасны төрөлжсөн эмнэлэг, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын III эмнэлгийн өргөтгөл зэрэг том бүтээн байгуулалтууд багтжээ. Дан ганц барилга байгууламж ч бус шаардлагатай тоног, төхөөрөмжийн шинэчлэл, засварын төсвийг баталж өгснөөр эрүүл монгол иргэнийг илүү олон болгох, эх орондоо дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж илүү ойртов.

Төрийн баталсан төсвийг гагцхүү хүндээ хүргэж, бодит бүтээн байгуулалт болгох эсэх нь салбар удирдсан сайд, дарга нарын хичээл зүтгэл, ажлын ур чадвараас шалтгаалах нь ээ. Боловсрол, эрүүл мэнд буюу монгол хүний хөгжилд зарцуулах 1.2 их наядын санхүүжилтийг “чулуу” болгох нь Э.Батшугар, Л.Энх-Амгалан нарын сайд нарын ур чадвар, хичээл зүтгэлээс шууд хамаарна. Улсын хөгжлийг замын урт, барилгын өндрөөр бус эрүүл саруул, боловсролтой иргэн л тодорхойлно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.