Б.Жавхлан: УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон гүйцэтгэгч болохоос биш, үндсэн Ерөнхийлөгч биш учраас намаас түдгэлзэх шаардлагагүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын дарга С.Бямбацогтыг томиллоо. Энэхүү үйл явдлын хуулийн зохицуулалтын талаар Төрийн байгууллатын байнгын хороон дарга Б.Жавхлан тайлбарлалаа.
Төрийн байгууллатын байнгын хороон дарга Б.Жавхлан:
-Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.4-т Ерөнхийлөгч нас барах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, эсвэл огцрох гэсэн гурван тохиолдлыг заасан байдаг. Мөн хуулийн 11.5-д эдгээр тохиолдол бүрийг Улсын Их Хурал тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэхээр зохицуулсан.
Өнөөдрийн нөхцөл байдал нь Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдол тул УИХ-аар хэлэлцэн хууль баталж байгаа нь эрх зүйн зөрчилгүй юм.
Гэсэн хэдий ч хуульч гишүүдийн хөндөж буй асуудлыг анхаарах нь зүйтэй. Энэ нь анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид үүсэж болох эрх зүйн олон талт харилцааг хууль тогтоох байгууллага анхааралдаа авч, судалж байх шаардлагатай. Тиймээс одоо хэлэлцэж буй хуульд зөрчил байхгүй тул дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудлын тухайд, дараагийн Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга уг бүрэн эрхийг шилжүүлэн авна. Бүрэн эрх гэдэгт бүх чиг үүрэг хамаарах бөгөөд заримыг нь хэрэгжүүлээд, заримыг нь орхих боломжгүй.
Хуулийн 11.6-д шийдвэр гаргахдаа "Үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурах зэрэг журмын шинжтэй зохицуулалтуудыг тодорхой заасан тул тусдаа журам нэмж гаргах шаардлагагүй юм.
Журмын түвшний бүх зохицуулалт Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгагдсан байгаа.
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа намаасаа түдгэлзэх эсэх нь чухал асуудал юм. Хуульд зааснаар Ерөнхийлөгч намаас түдгэлзэх ёстой байдаг ч УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон гүйцэтгэгч болохоос биш, үндсэн Ерөнхийлөгч биш юм. Тиймээс намаас түдгэлзэх хууль зүйн шаардлага байхгүй.
УИХ-ын даргын үүргээ хэвээр гүйцэтгэж, хууль батлах процессыг удирдахаас гадна шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хориг тавих, гадаад харилцааны асуудлаар томилолтоор ажиллах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Улс орны гадаад харилцаа, аюулгүй байдалтай холбоотой чухал ажлууд зогсох ёсгүй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) бүрэлдэхүүний хувьд УИХ-ын дарга нэг гишүүн нь боловч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлж байгаа тул зөвлөлийн хуралдаанд хоёр гишүүний түвшинд асуудал шийдэгдэх нөхцөл үүсэж байна. Энэхүү үйл явц нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дэгээрээ зохицуулагдана.
УИХ-ын дарга энэ үйл ажиллагааг маш нарийн сахиж, намын бүлгүүд болон намын дарга нарыг оролцуулсан зөвлөл байгуулан, асуудлыг тухай бүрд нь хэлэлцэж ажиллахаа илэрхийлсэн.
Ерөнхийлөгчийн институцийн бүтэц, ажлын алба, зөвлөхүүдийн асуудлыг бүрэн эрхийг хэрэгжүүлж буй этгээд өөрөө шийдвэрлэнэ.
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаагүй. Энэхүү түр зохицуулалт нь ойролцоогоор 40 орчим хоног буюу шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл үргэлжлэх бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу 12 дугаар сарын 31-нд завсарлах хүртэл хэвийн үргэлжилнэ.
Ерөнхийлөгчийг чөлөөлөх болон бүрэн эрхийг шилжүүлэх асуудлыг яагаад нэг хуулиар шийдэж байгаа талаар тайлбарлахад, УИХ-ын дэгийн тухай хуулийн 98.2-т зааснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталснаар хууль хүчин төгөлдөр болдог. Хэрэв эдгээр процессыг салгавал олон шатны хэлэлцүүлэг шаардагдаж, хугацаа алдах эрсдэлтэй тул нэгдмэл байдлаар шийдвэрлэж байгаа юм. Ингэснээр УИХ-ын дарга төрийн тэргүүний үүргийг шуурхай шилжүүлэн авч, төрийн ажлын залгамж чанарыг хадгалах нөхцөл бүрдэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.