Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол хүчирхэг бөгөөд хүнлэг гэдгээрээ гадна талд танигдсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурийг хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Монгол Улсын нэр хүнд гадаад талдаа бол маш өндөр түвшинд хүрсэн. Бидэнтэй хамтарч ажиллах, харьцах, Монгол орныг хайрлаж, хүрэлцэж ирэх олон зочин гийчинтэй болсон. Тэрхүмүүсийн хувьд Монгол Улсын нэр төр маш чухал. Энэ утгаараа Монгол Улсын нэр төрийг өндөрт байлгаж, байгаа түвшинд нь барихын тулд, өөрийнхөө нэр төрийг цэвэрлэх, гэм буруугүйг нотлуулах шийдвэрийг Ерөнхийлөгч улс төрчийн хувьд гаргалаа гэж бодож байна.
Улс төрчийн хувьд У.Хүрэлсүх даргыг би бас олон жил мэднэ. Аливаа өндөр алба хашихад хүний хувь хүний төлөвшил, гэр бүлийн хүмүүжил ямар чухал байдгийг бас харлаа.
Өөрөө маш сайхан гэр бүлд өсөж хүмүүжсэн, цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжиж, эх орондоо хайртай, Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ ажилладаг гайхамшигтай Ерөнхийлөгч байлаа гэдгийг бид цаг хугацааны эрхээр ойлгох байх.
Нөгөө талдаа энэ хүний хэлсэн, ялангуяа гадаад бодлого, аюулгүй байдал, Монгол Улсын тусгаар тогтнолыг хадгалах хамгаалах, гадаад эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсын цаашид хөгжлийн үүд хаалгахыг нээх тал дээр асар их зүйлийг богино хугацаанд амжуулсан. Урт хугацаандаа Монгол Улсын гадаад дотоод хөгжлийг бүрдүүлэхэд үр дүнгүүд нь гарна. Түрүүчээсээ гарч байгааг бид харж байгаа. Энэ бүх хийсэн ажлууд нь бол түүх болж үлдэхийн зэрэгцээ үүд хаалгаа өргөн цэлгэр нээгээ вэ, эдийн засгийн орчныг яаж сайхан бүрдүүлээ вэ, олон том төслүүдийг, олон санаачилгуудыг гадаад улс орнуудад ойлгуулаа вэ гэдэг нь харагдана.
Таван жилийн хугацаанд 300 орчим гэрээ, хэлэлцээр, баримт бичгийг зурсан байдаг. Олон улс оронтой харилцааныхаа түвшнийг ахиулсан байдаг. Хоёр хөршийн бодлогоо маш сайн бататгасан иж бүрэн стратегийн түншлэлийн улам олон агуулгаар баяжуулсан, шинэ улс орнуудтай харилцаа холбоог тогтоосон, шашин хоорондын эв нэгдлийг бий болгосон, хилийн чанадад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хангах, амьдрах орчныг нь сайжруулах гэх мэт олон зүйл дээр ахиц дэвшил гаргасан. Бүгдийг нь өнөөдөр дурдах боломжгүй.
Хувь хүнийхээ хувьд энэ хувийн зохион байгуулалт, сахилга баттай, уулзалт хэлэлцээрт маш сайн биеэ бэлддэг, материалаа маш сайн уншиж судалдаг, тухайн харилцах гэж байгаа орондоо маш хүндэтгэлтэй ханддаг хүн. Их наргианч, хөгжөөнтэй, бүх зүйлийг нарийн тодорхой ойлгуулж чаддаг, их зочломтгой, хэлсэн амдаа хүрдэг, хэлсэн бол хийж хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Ийм хүчирхэг бөгөөд хүнлэг Ерөнхийлөгч гэдгээрээ гадна талдаа танигдсан.
Монгол Улсыг гадаад харилцаанд төлөөлдөг цорын ганц хүний хувьд гадаад орчинд хангалттай сайн ажиллаж чадсан. Энэ гайхамшигтай амжилтыг нь гүйцэж ажиллаж чадах хүн гарч ирэхгүй болов уу санаа зовж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд асар өндөр байх ёстой. Ялангуяа манайх шиг газарзүйн бөгөөд улс төрийн маш эмзэг байршилд байдаг утгаараа Монгол төрийн тэргүүний нэр хүнд үеийн үед өндөрт байгаасай. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс дутахгүй илүү сайн хүмүүс гарч ажиллаасай гэж хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.