World Population Review сайтын мэдээллээр 2025 онд нийт хүн амд ногдох архинд донтох эмгэгийн (Alcohol Use Disorder) тархалтын түвшнээр Монгол Улс дэлхийд хамгийн өндөр хувьтай (48.18%) гэж гарчээ. Энэ нь зөвхөн “архины хэрэглээ их” гэсэн утга биш, харин эмнэлзүйн оношлогооны шалгууруудыг (DSM-5) хангаж буй хүмүүст үндэслэсэн статистик юм. Өөрөөр хэлбэл, өвчин болсон буюу сэтгэцийн асуудалтай ард түмэн болсны илэрхийлэл.
Архинд донтох эмгэг гэж юу вэ?
Энэ бол энгийн “их архи уудаг” гэдгээс илүү нарийн, эмгэг хамааралтай өвчин. DSM-5 стандартын дагуу 12 сарын дотор доорх 17 шинжээс 2–оос дээш илэрвэл alcohol use disorder гэж тооцдог.
Жишээ шинжүүд:
– Бодсоноосоо илүү их, илүү удаан сууж уух
– Багасгах гэж хичээдэг ч чаддаггүй
– Архи уухын тулд цаг их зарцуулах
– Айдас, сэтгэл гутрал, гэр бүлийн асуудал үүсгэж байхад ч уусандаа хэвээр байх
– Хяналт алдах, санах ой тасалдах
– Эрүүл мэндийн ноцтой сөрөг үр дагавартай байхад ч үргэлжлүүлэх
– Уухаа болиход гарч ирдэг “гар хөл чичрэх, нойргүйдэх, дотор муухайрах” гэх мэт хориглох шинж тэмдэг
Иймээс “архинд донтох” гэдэг нь зүгээр олон удаа уудаг хувь хүний зан хандал биш, харин биологийн, сэтгэлзүйн, нийгмийн хүчин зүйлсийн нийлбэр эмгэг юм.
Монгол яагаад нэгдүгээрт бичигдсэн бэ? Энд эдийн засаг, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн орчин, хууль бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Судлаачид дараах үндсэн шалтгаануудыг дурддаг.
1. Эрэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ хэт өндөр
Статистикаар:
– Эрэгтэй: 78.87%
– Эмэгтэй: 18.27%
Энэ нь олон улсын судалгаанд огтхон ч хэвийн тоо биш, маш өндөр зөрүү юм. Дэлхийн ихэнх улс орнуудад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арай их архи уудаг ч энэ нь хол зөрүүгүй байна. Харин зөвхөн Монголд эмэгтэйчүүд нь бусад орны эмэгтэйчүүдтэй адил түвшинд уудаг бол эрэгтэйчүүд нь бүр хэт их хол зөрүүтэй буюу арай дэндүү их архи уудаг. Монголд эр хүний хямралд оржээ.
2. Соёлын хүчин зүйл
Монголд архи:
– баяр ёслол,
– найр хурим,
– ажил хэрэг,
– уулзалт нөхөрлөл гээд олон зүйлтэй нягт холбоотой.
Хүмүүсийг татгалздаггүй, харин уухыг шаардах тохиолдол ч байдаг. Хүн шинээр ажилд ороход архиар шахах байгууллагын соёлоос авахуулаад хүн ажлаас гарахад хүртэл далим болгож архиддаг соёлтой.
3. Алкохолын бодлогын сул талууд
– Үнэ хэт хямд
– Шөнө дунд хүртэл худалдаа нээлттэй
– Чанар муутай, хуурамч архи
– Согтууруулах ундааны сурталчилгаа
Ийм нөхцөл архины хэт хэрэглээг тогтворжуулдаг. Монгол Улс үйлдвэргүй мөртлөө архины үйлдвэр ихтэй. Архи, тамхинд өндөр онцгой татвар тавьж чаддаггүй.
4. Сэтгэлзүйн стресс ба ахуй амьдралын дарамт
– Эдийн засгийн савлагаа
– Нийгмийн стресс
– Уур амьсгалын өөрчлөлт
– Ганцаардал, сэтгэл гутрал
Эдгээр нь архины хамаарал үүсэх томоохон хүчин зүйл.
5. Эмчилгээний хүртээмж бага
Донтолтын эмчилгээ:
– үнэтэй,
– хүртээмж муу,
– stigma буюу нэр хүндийн дарамт өндөр.
Иймээс олон хүн эмчилгээ авахаас татгалздаг. Ихэнх хүн өөрийгөө архины донтолтгүй гэж үнэмчихсэн явдаг. Сэтгэцэд нь нөлөөлж байгаагаа ч мэдэхгүй бүдүүлэгтдэг.
Эцэст нь дахин хэлье. Энэ статистик нь архи үйлдвэрлэсэн хэмжээгээр, архины градус эсхүл архи их ууж байгаагаар хэмжээгүй. Харин эмгэгээр жишээ нь, архи уучихаад жолоо барих, архи хэрэглэсний дараа ажил/сургууль/гэр бүлдээ асуудал гаргах, агсам тавих, маргааш нь дусал залгуулахад хүрэх, архины зүйлс хэрэгчихээд хамгаалалтгүй сексийн харилцаанд орох, зодоон нүдээн хийх гэх мэтээр хэмжсэн. Өөрөөр хэлбэл энэ нь бүр эмгэг болж, бие физиологийн хохирол, нийгмийн асуудал, эмчилгээ авах түвшинд хүрсэн байгааг илтгэнэ гэсэн үг.
















