Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм.
Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай тусгай хэрэгцээнд авахыг Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм.
Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлжээ.
📌
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.