Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүн уужраад, уучлалт гуйх байх гэж найдаж байна
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн ёс бус үйлдэлд хариуцлага тооцох эсэх талаар УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс тодрууллаа.
УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн:
-М.Нарантуяа гишүүнтэй холбоотойгоор одоогоор ямар нэгэн гомдол ирээгүй байна. Гомдол ирээгүй тохиолдолд Ёс зүйн дэд хороогоор тухайн асуудлыг хянан шалгадаггүй. Хэдийгээр гомдол ирээгүй байгаа ч нийгэмд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйсан тохиолдолд уг асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хянан шалгахгүй байх зохицуулалт дүрэмд бий.
Одоогоор бид Нарантуяа гишүүнтэй холбогдоод хэд хонож байна. Уур бухимдал нь намжсан болов уу, өөрийн хэлсэн бүдүүлэг үгсээ засаж залруулан, олон нийтээс уучлалт гуйх бодолтой байгаа болов уу гэж харж байна.
УИХ-ын Ёс зүйн дүрэмд ийм зохицуулалт байдаг. Хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор уучлалт хүссэн тохиолдолд өргөдөл, гомдол ирсэн байсан ч хянан шийдвэрлэхгүй байх зохицуулалт бий. Хувь хүний орон гэрт хулгай орсон нөхцөлд бухимдах, харамсах, халаглах сэтгэл хөдлөл гарч болох юм. Одоогоор уур уцаар нь намдсан болов уу гэж найдаж байна. Төрийн түшээ хүний хувьд нийгэмд зөв үлгэр дууриал үзүүлж, алдаагаа ухамсарлан засах үйлдэл хийнэ гэж бид хүлээцтэй хандаж байна.
Нарантуяа гишүүний ёс зүйн энэасуудал олон удаа давтагдаж байна. Бусдыг үг хэлээр гутаан доромжлох үйлдэл нэг бус удаангийх. Ийм тохиолдолд Ёс зүйн хороо ямар хариуцлага тооцдог вэ?
-УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй, бусдын нэр төрд халдахгүй байх зохицуулалт тусгагдсан байдаг. Ийм тохиолдолд гурван төрлийн хариуцлага ногдуулдаг.
Нэгдүгээрт, сануулах.Хоёрдугаарт, олон нийтээс уучлалт гуйхыг шаардах.Гуравдугаарт, цалинг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах хариуцлага ногдуулах зохицуулалттай.
Харин ёс зүйн зөрчил хэдэн удаа давтагдсан, ямар үр дагавартай байсан зэргээс хамааран хариуцлагыг ялгамжтай хэрэглэх зохицуулалт хангалттай бус байдаг. Иймээс уг зохицуулалтыг эргэн харах шаардлагатай гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.