Жендэрийн дуу хоолойг түгээж яваа эмч бүсгүй
Жендэрээр мэргэшиж, хууль эрх зүйг нь хэрэгжүүлэхээс эхлээд салбартаа энэ талын дуу хоолой болж яваа алба хаагч П.Солонгыг танилцуулъя.
Зэвсэгт хүчин ба жендэр. Зэвсэгт хүчний сүүлийн үед хамгийн ихээр анхаарч, бодлого үйл ажиллагаанд шингээж байгаа зарчим. Нэг хүйс давамгайлсан тусгай салбар ч гэсэн эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг зэрэгцүүлэн хангах нь дэлхий нийтийн чиг хандлага болсныг мэдэрч, үүнийг дагасан мэдрэмжтэй шийдвэрүүдийг ч гаргах болсон нь энэ салбарын имидж болж яваа гэхэд хилсдэхгүй.
Жендэрээр мэргэшиж, хууль эрх зүйг нь хэрэгжүүлэхээс эхлээд салбартаа энэ талын дуу хоолой болж яваа олон мөрдэстэй алба хаагчид бий.
Бригадын генерал Г.Болор, хурандаа Н.Нямжаргал, хурандаа Ө.Баярбадрах, дэд хурандаа Э.Бямбасүрэн, хошууч Б.Золжаргал, хошууч О.Гэрэлзаяа, ахмад Ц.Хишигсүрэнгээс эхлээд нэрлэвэл олон.Харин сүүлийн үед тэдний араас дөрөө даран жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг халж, эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн болон тусгай хэрэгцээний тэгш оролцоог хангасан бодлого, шийдвэр хэрэгжүүлэх талаар дуу хоолой болж яваа бүсгүй бол яахын аргагүй хошууч П.Солонго.
Монгол Улс дахь НҮБ-ын нийгэмлэгээс хүртэл түүнийг урьж “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалт авсан байв.
Хошууч П.Солонго өөрөө Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах их эмч бүсгүй. Англи хэлэндээ ёстой нэг ус цас. Харилцаа хандлага өндөр, бусдыг манлайлан уриалан дуудах чадвар нь ч сайн. Монгол Улсын Зэвсэгт хүчин Европын холбоотой хамтран Словени Улсад жендэрийн тэгш эрхийн сургалтад хамруулсан 22 цэргийн алба хаагчийн нэг нь тэр.
2023 онд Харвардын их сургуулиас дэлхийн орнуудад “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт тэтгэлэг зарлахад Монгол Улсаас шалгаран суралцаж, төгсөхдөө шилдэг багаар шалгарч байсан нь түүний чадвар, идэвх чармайлалтыг илэрхийлнэ. Харвардад суралцаж төгссөн Монгол эмч.
Хүний эрхийн мэдрэмжтэй ийм л алба хаагчид байх нь эргэн тойрныхондоо жам ёсны эрхийг нь ойлгуулж, миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг мэдрүүлж байдаг шидтэй. Жендэрийн тэгш эрхийг ярьдаг, эргэн тойрондоо ойлгуулдаг, санаагаа чилээж явдаг ийм алба хаагчдаа ашиглаасай гэж бас хүснэм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.