П.Батбаатар: Хуулиар энгийн зөвшөөрлийг 17 хоногт, тусгай зөвшөөрлийг 22 хоногт шийдэх ёстой ч амьдрал дээр 2-3 сар, бүр 230 хоног хүртэл хугацаагаар сунжруулж иргэдийг хохироосон байна

Чөлөөлсөн албан тушаалтнуудын асуудлаар ЗГХХГ-ын дарга П.Батбаатараас тодрууллаа

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар:

Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бол наймдугаар сарын 31-нээс нэмэлт өөрчлөлтүүд нь мөрдөгдөж эхлээд байна. Засгийн газрын "Чөлөөлөл" санаачилгын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг хүнд суртал, чирэгдлийг бууруулах нь энэхүү хуулийн гол зорилго юм. Хуулийн гол зохицуулалтуудаас дурдвал, аж ахуйн нэгжүүдээс нийгмийн даатгал болон татварын өргүй байхыг заавал шаардахгүй болсон.

Хэрэв сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй бол зөвшөөрлийг ажлын хоёр хоногийн дотор сунгахаар заасан. Мөн энгийн зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, тусгай зөвшөөрлийг 10 жилээс доошгүй хугацаагаар олгож, бүх үйл ажиллагааг нэгдсэн цахим системд холбох зэрэг 10 орчим томоохон шинэчлэл хийгдсэн. Манай байгууллагын зүгээс энгийн болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой хоёр удаагийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Нийт 1.77 сая орчим зөвшөөрөл олгогдсоноос 1.6 сая нь жолооны үнэмлэхтэй холбоотой асуудал байна. Үлдсэн 127 мянга орчим нь бусад төрлийн зөвшөөрлүүд байгаа юм.

 Бид эдгээр зөвшөөрлийг олгох явцад аль байгууллага дээр хүндрэл чирэгдэл гарч байгааг тусгайлан шалгаж байна. Шалгалтын явцад харамсалтай дүр зураг ажиглагдлаа. Тухайлбал, энгийн зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл мэтээр олгох, мэдэгдлийн хүрээнд шийдэх боломжтой асуудалд иргэдээс баримт материал нэхэх тохиолдлууд гарсан. Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх хуулийн заалттай атал гэрчилгээний хуулбар шаардах, эрх олгогдоогүй мэргэжилтнүүд зөвшөөрөл олгох зэрэг зөрчлүүд илэрлээ.

Хуулиар энгийн зөвшөөрлийг 17 хоногт, тусгай зөвшөөрлийг 22 хоногт шийдэх ёстой ч амьдрал дээр 2-3 сар, бүр 230 хоног хүртэл хугацаагаар сунжруулж иргэдийг хохироосон байна.

Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа байгууллагуудад шалгалт хийж, дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан.

Мөн Чингэлтэй дүүрэгт иргэдээс бэлэн мөнгө авч зөвшөөрөл олгосон асуудалд 7-8 албан хаагч холбогдоод байна. Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймгуудад зөрчил гаргасан 20 гаруй албан тушаалтны мэдээллийг Ерөнхий сайдад танилцууллаа. Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нар болон аймгийн удирдлагуудад эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцож, эргэж мэдэгдэх чиглэл өгсөн. 

Одоогоор Баянгол дүүрэгт хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос бусад аймгууд, яам, агентлагуудад үе шаттайгаар шалгалт хийнэ. Хууль зөрчиж, иргэдэд хүнд суртал учруулж байгаа төрийн албан хаагчдад хариуцлага тооцох асуудлыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар тууштай үргэлжлүүлнэ. Хариуцлага тооцсон болон ажлаас чөлөөлсөн хүмүүсийн мэдээллийг бид эргээд нээлттэй мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.