Хотын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Хотын орлогч асан Т.Даваадалай болон түүний төрсөн дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.  

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нь "Туулын хурдны зам"-ын төслүүдийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор өөрийн эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байдаг. 

Мөн түүнийг Шинэ тойрог автозамын ТЭЗҮ боловсруулах 16,9 тэрбумын  тендерт өөрийн хамаарал 3 этгээдтэй нийлж хууль бусаар сонгон шалгаруулалт хийсэн, мөнгө угаасан хэргээр тусад нь шалгаж байгаа юм.

Шүүх хуралдааны үеэр Т.Даваадалай нарын хоёр өмгөөлөгчийн нэг болох Оюунцэцэг нь "гадаадад байгаа тул хойшлуулж өгөх хүсэлт гаргаж, нөгөө өмгөөлөгч Баасанжаргал нь 2026.11.12-нд гадаадад явах тул хэлэлцүүлгийг хойшлуулж өгөх" хүсэлт гаргасан юм. Гэвч шүүх хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэн, хуралдааныг үргэлжлүүлсэн юм.  

Хуралдааны үеэр Т.Даваадалай хоёр хэргийг нэгтэж шалгах хүсэлтийг мөн гаргасан. 

Мөн шүүх хуралдааны үеэр Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг Интерполын "Хөх булант" зараар эрэн сурвалжлахад АНУ-д байгаа нь тогтоогджээ. Тэрээр АНУ-аас цагаачлал хүссэн баримт одоогоор олдоод байгааг онцоллоо. 
Шүүх хуралдаан эхэлснээс хойш хоёр дахь удаагаа завсарлаад, шийдвэрээ хараахан гаргаагүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.