О.Баасанхүү: АН-ын Хяналтын зөвлөл ЕНБД-ыг огцруулах ямар ч эрхзүйн чадамж байхгүй

Өнгөрсөн долоо хоногт АН-ын Хяналтын Ерөнхий зөвлөлөөс гэнэт хурал зарлаж, АН-ын ЕНБД С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Уг асуудлаар бид АН-ын ЕНБД-ын зөвлөн О.Баасанхүүгээс тодрууллаа. 

АН-ын ЕНБД-ын зөвлөн О.Баасанхүү:

-ЕНБД С.Баярцогтыг огцруулсан гэх мэдэгдлийн тухайд, үүнийг хууль зүйн болон намын дүрмийн хүрээнд авч үзэх шаардлагатай. Аливаа нам шийдвэр гаргахдаа эхлээд Улс төрийн намын тухай хууль, дараа нь намын дүрэм, түүний дараа албан тушаалтны мэдэгдлийг үндэслэх нь зүйтэй. Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар, нам бүр дотоод үйл ажиллагаа болон дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих бүтэцтэй байх ёстой. Энэхүү заалтын дагуу намууд өөрсдийн хяналтын байгууллагыг байгуулдаг.

Хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэг нь тухайн нам үйл ажиллагаа явуулахдаа хууль болон Улсын дээд шүүхэд бүртгэлтэй дүрмээ баримталж буй эсэхийг нягтлах болохоос биш, тодорхой албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай хууль бус шийдвэр гаргах эрхгүй.

Өнөөдрийн нөхцөл байдалд Хяналтын хороог хэн, ямар үндэслэлээр зарлан хуралдуулсан нь тодорхойгүй байна. Огцруулах тухай яригдаж буй асуудал нь зөвхөн өөрсдийгөө тодорхой албан тушаалтан гэж нэрлэсэн, өмнө нь төрийн алба хашиж байсан зарим хүмүүсийн мэдэгдэлд үндэслэгдсэн харагдаж байна. Хэрэв албан ёсны тогтоол шийдвэр гарсан бол түүнийг олон нийтэд нээлттэй танилцуулж, дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжтой. Намын даргын зүгээс энэ асуудалд түрүүлж байр сууриа илэрхийлэх нь илүү зохистой гэж би үзэж байна.

Учир нь зөвхөн намын дарга Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) бүрэлдэхүүнийг оруулж, намын "гал тогоог" мануулж буй хүний хувьд юу болоод байгааг тайлбарлах үүрэгтэй.

АН-ын дүрмийн дагуу ҮБХ нь албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхтэй байдаг ч энэ саналыг оруулах эрх нь зөвхөн намын даргад хадгалагддаг. Тиймээс Хяналтын хорооны энэхүү үйлдэл нь эрх зүйн үр дагавар гэхээсээ илүү намын даргад шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж харагдаж байна.

Мөн Хяналтын хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг анхаарах ёстой. Намын дүрмээр ял шийтгэл эдэлж байсан хүн хяналтын байгууллагад ажиллах эрхгүй байдаг. Гэтэл одоогийн бүрэлдэхүүнд тийм хүмүүс байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иймд тус хороо хэний даалгавраар, хэзээ хуралдсан нь тодорхойгүй байгаа нь уг шийдвэрийн легитим шинжийг үгүйсгэж байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.