Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бензин шатахууныг хууль бусаар улс төрийн зорилготой хэн гацааж, садаа учруулж байгааг тусгай албадуудыг олж тогтоох үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бензин шатахууныг хууль бусаар улс төрийн зорилготой хэн гацааж, садаа учруулж байгааг тусгай албадуудыг олж тогтоох үүрэг өглөө
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр АҮЭБС, ЭЗХ-ийн сайд нар болон хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг дуудаж бензин шатахууны хангамжтай холбоотой асуудлаар үүрэг, даалгавар чиглэл өглөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Бензин шатахууны хангамжтай холбоотой зарим асуудлыг хэдэн зүйл тодотгож хэлье. Саяхан Киргиз улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулсан, холбогдох албан тушаалтнууд бүгдээрээ байсан, шатахууны нийлүүлэлтийг тогтвортой, тасралтгүй хангахад онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцсон. Бид хоёрын уулзахад хамгийн гол ярьдаг сэдэв бол бензин, шатахууныг тасалдалгүйгээр нийлүүлэх асуудал байдаг тухай та нар ч мэдэж байгаа. Оросын тал дотоод нөхцөл байдал нь амаргүй байгаа ч Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд хичээл зүтгэл гаргаж байна.
Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн түвшинд яригдсан энэхүү асуудал зохих түвшинд хэрэгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Засгийн газрын зүгээс ч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд идэвхтэй ажиллаж байна. Үр дүнд нь шатахууны нийлүүлэлт эхнээсээ нэмэгдэж байгааг та бүхэн харж байгаа байх. Шаардлагатай тохиолдолд би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дахин холбогдож, асуудлыг шуурхай шийдвэрлэхэд бэлэн байна.
Гэтэл ард түмний зовлон дээр дөрөөлж, улс төрийн ашиг хонжоо олохыг оролдож буй бүлэглэлүүд байна. Төр, ард түмний харилцан ойлголцлыг эвдэх, нийгэмд хагарал үүсгэх замаар улс орныг тогтворгүй байдал руу түлхэх гэсэн оролдлогуудын талаар тагнуулын байгууллагаас мэдээлэл ирсэн. Үүгээр дамжуулж улс төр хийх гэсэн, төр ард түмнийг хагаралдуулах гэж оролдож байна гэсэн мэдээлэл Үндэсний аюулгүй байдалд ирсэн учраас би өнөөдөр энэ асуудлыг ярьж байна. Хаана хууль бусаар улс төрийн зорилготой гацааж, садаа учруулж байна, хэн зохион байгуулж байна гэдгийг тусгай албадууд олж тогтоо.
Би дахиад хэлье дэлхий нийтийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бид өрхийн орлогыг хамгаалж, иргэдийнхээ амьдралд бодит дэмжлэг болох ёстой. Энэхүү байр сууриа би хэдхэн хоногийн өмнө илэрхийлсэн бөгөөд холбогдох байгууллагууд үүнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ийм үүрэг даалгавар өгч байна.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
Одоогийн байдлаар шатахууны олдоц харьцангуй сайжирч байна. Өвлийн дизель түлш рүү шилжих ажил явагдаж байгаа бөгөөд Улаанбаатар төмөр зам дээр 1400 гаруй вагон өвлийн түлштэй ирээд байна. Эдгээр вагоныг ойрын хугацаанд суллаж авснаар тээвэрлэлтийн гацалт арилна. Нөөцийн хувьд онгоцны түлш болон дизель түлш нэг сар орчмын, А-95 бензин хангалттай нөөцтэй байна. Харин А-92 бензиний нийлүүлэлтийг тогтворжуулахаар ажиллаж байна. Цаашид бид 2027 он гэхэд улсын нийт хэрэглээний гурван сарын нөөцийг хадгалах хүчин чадалтай болохоор төлөвлөж байна. Энэхүү ажил амжилттай хэрэгжсэнээр шатахууны хараат бус байдал, нөөцийн асуудал бүрэн шийдэгдэх юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.