Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банканд ажиллалаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банканд ажиллалаа
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллалаа. Тус банкны удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзан, банкны үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй шинэчлэл, цаашдын зорилт, бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн Эдийн засаг, хөгжлийн сайдаас өгсөн үүрэг, чиглэл, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу банкны үйл ажиллагаанд хийж буй бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, засаглалын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

0O7A6787

Тэрбээр банкны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагын давхардлыг арилгах, зардлыг оновчтой болгох зорилгоор нийт орон тоог ойролцоогоор 40 орчим хувиар бууруулж, зохион байгуулалтын бүтцийг цомхотгон, 10 газар, 25 хэлтсийг зургаан газар, 16 хэлтэс болгон өөрчилснийг онцоллоо. Үүний зэрэгцээ удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулж, банкны нийт ажилтны тоо 145-аас 99 болж цөөрсөн нь шийдвэр гаргалтыг түргэсгэх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, байгууллагын дотоод засаглалыг сайжруулахад чиглэсэн бодит алхам болсныг тэмдэглэв.

1 0O7A6881

Түүнчлэн банкны санхүүгийн сахилга бат, эрсдэлийн удирдлагыг сайжруулах хүрээнд чанаргүй зээлийн хэмжээг үе шаттайгаар бууруулах, зээлийн багцын бүтцийг эрүүлжүүлэх, тусгай активын удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүнд чанаргүй зээлийн нөхцөл байдалд бодит үнэлгээ хийж, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн хүрээнд шаардлагатай арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцлов.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банкны бүтцийн өөрчлөлт, шинэчлэл, авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг бодитой, зөв чиглэлд явж байгааг онцлон тэмдэглэж, цаашид дараах асуудлуудад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад Хөгжлийн банк стратегийн ач холбогдол бүхий чухал үүрэгтэй. Иймд өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг бодитоор дүгнэж, засч залруулан, цаашид урагшаа харж, бодит үр дүн гаргах чиглэлд анхаарч ажиллах ёстой. Хөгжлийн банк нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөр бус эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой” хэмээн онцолсон юм.

0O7A6798

Тэрбээр Хөгжлийн банк нь дэд бүтэц, аж үйлдвэржилт, экспорт, бүсчилсэн хөгжил зэрэг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд бодлогоор оролцож, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийг зорилтот, хариуцлагатай хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. 0O7A6774

Уулзалтын төгсгөлд Тэргүүн Шадар сайд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд сахилга бат, хариуцлагыг улам чангатгаж, төрийн өмчит санхүүгийн байгууллагын хувьд олон нийтийн итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдсан бодлого хэрэгжүүлэхийг онцгой анхааруулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.