АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” ХХК-ийн байранд зочилж, Ерөнхийлөгч Ёнэзава Эйжи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ.

Талууд уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх тухай өргөн хүрээтэй хэлэлцлээ.
Япон улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн хувьд, Монгол Улсад “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг анх барихад техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа буюу ТЭЗҮ-г хийж, зураг төслийг нь боловсруулсан зөвлөх компани юм. Тус компани энэ удаа мөн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран шинэ нисэх буудлын өргөтгөлийг барих зураг төслийг боловсруулж, ТЭЗҮ судалгааг хийж байгаа билээ.

Уулзалтаар Япон талаас бэлтгэл ажлын хүрээнд хийж буй судалгааны ажлын явцыг танилцуулж, цаг үеийн мэдээллүүдийг солилцлоо. Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн Нисэх буудлын хэлтсийн дарга, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийн менежер Такахаши Коичи судалгааны ажлын хүрээнд гаргасан урьдчилсан зураг төслийг танилцуулаад, төслийн судалгааг ирэх сард эцэслэж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд сүүлийн байдлаар танилцуулна гэдгээ хэллээ.

Талууд энэхүү уулзалтаар төслийн барилгын ажлыг хөнгөлөлттэй зээлийн үнийн дүнд багтаан барих, зардлыг бууруулах хүрээнд төлөвлөлтийг хэрхэн хийх тухай харилцан санал солилцож, зардлыг бууруулж болох хэд хэдэн хувилбаруудыг хэлэлцэж тогтлоо. Мөн дэд бүтцийн салбарт цаашид хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцлээ.Төсөлд тусгаснаар нисэх буудлыг өргөтгөх барилгын ажлыг 2028 онд эхлүүлж, 2034 онд дуусгахаар төлөвлөж буйг төслийн багийнхан хэлж буй юм.
Уулзалтын төгсгөлд, “Ориентал Консалтантс Глобаль” ХХК-ийн Ерөнхийлөгч (CEO, President) Ёнэзава Эйжи Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцож буйд талархал илэрхийллээ.


Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн зүгээс Ерөнхийлөгч (CEO, President) Ёнэзава Эйжи, Борлуулалт болон бизнес хөгжлийн хэлтсийн дарга (COO, Business Development) Кондо Казүясү, Төмөр замын тээврийн хэлтсийн дэд дарга (Railway Division Deputy Director) Йингйонграттанакул Наренторн, Нисэх буудлын хэлтсийн дарга, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийн менежер (Chief Consultant of Airport Department) Такахаши Коичи,Нисэх буудлын хэлтсийн – үнийн тооцоолол санхүүгийн мэргэжилтэн (Cost Specialist of Airport Department) Мацумүра Акихико, Төмөр замын хэлтсийн ахлах инженер Б.Доржханд нар оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.