Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг тогтвортой хангахад бодит хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Монхоодойн Батболд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Улсын аварга фермер”-ээр шалгарлаа.
Шагналыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гардуулан өгч, М.Батболд болон түүний гэргий Төмөрийн Одончимэг нарт баяр хүргэн, хүндэтгэл үзүүлэв.

М.Батболд 17 настайгаасаа трактор, комбайны жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, газар тариалангийн салбарт туршлага хуримтлуулж эхэлсэн байна. Улмаар 1993 оноос мал аж ахуйн салбарт эрчимтэй хөдөлмөрлөж өдгөө 30 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулжээ.

Тэрбээр малынхаа үүлдэрлэг байдал, ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч, 2005 оноос сүүний чиглэлийн үхэр өсгөн үржүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр Талын улаан, Хар тарлан, Швицийн бор, Голштейн зэрэг өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг нутагшуулан үржүүлж байна. Нэг үнээ дунджаар 10-18 литр сүү саадаг. Өдөрт 500 орчим литр сүү, жилдээ 180 тонн сүүг “АПУ” компанид нийлүүлдэг байна. Энэ нь орон нутгийн төдийгүй улсын хэмжээнд сүүний хангамжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болж буй юм.

Мөн намрын улиралд 5000 боодол байгалийн хадлан бэлтгэж, 58 га талбайд ногоон тэжээл тариалан, даршаа өөрөө бэлтгэж, малын тэжээлийн баазыг бүрэн ханган ажилладаг нь эрчимжсэн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн жишиг болж байна.

Тэрбээр 2022 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа хөдөлмөр зүтгэл, амжилтаа үнэлүүлэн “Улсын аварга фермер” боллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.