УИХ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх даваа гарагт буюу 09-р сарын 07-нд хийхээр товлолоо

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр 10:00 цагт хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 09-р сарын 07-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэжээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санал, эсхүл Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдаг зохицуулалттай. Засгийн газраас наймдугаар сарын 20-ны өдөр төсвийн тодотголын төслийг өргөн барьсан бөгөөд сөрөг хүчний зүгээс ч ээлжит бус чуулган зарлах санал гаргаж байсан ч албан ёсоор бичгээр ирүүлээгүй байна.

Төсвийн тодотголыг хэлэлцэхэд Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг заавал танилцуулах ёстой бөгөөд энэхүү дүгнэлтийг гаргахад хуулийн дагуу 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлтүүд өнөөдөр болон маргааш УИХ-д ирж байгаа тул ээлжит бус чуулган хуралдах нөхцөл бүрэн бүрдлээ гэж үзжээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 4-нд эсвэл 7-нд эхлүүлэх талаар хэлэлцээд, ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 7-ны 10:00 цагаас эхлүүлэхээр тогтжээ. 

Энэ удаагийн чуулганаар зөвхөн төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд есдүгээр сарын 14-ний 17:00 цагт хаахаар төлөвлөж байна. Үргэлжлүүлэн ээлжит чуулганаа хуралдуулаад явах юм.

УИХ-ын даргын холбогдох захирамж удахгүй албан ёсоор гарна. Өвөлжилтийн бэлтгэл ажил, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны хомсдол зэрэг иргэдийн амьдралд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд УИХ цаг алдалгүй ажиллах шаардлагатай байна. Иймд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг шуурхай хэлэлцэн баталж, өвлийн бэлтгэлийг эрсдэл багатай хангах үүднээс ээлжит намар чуулганыг хүлээлгүйгээр ийнхүү ээлжит бус чуулганыг зарлаж байна гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.