Г.Занданшатар: Шатар бол математик шиг хийсвэр сэтгэлгээ, ой санамжийг хөгжүүлдэг тархины дасгал юм
-Шатар бол зөвхөн тоглоом биш, хүүхдийн хүмүүжил, сэтгэлгээнд эерэг өөрчлөлт авчирдаг боловсролын чухал хэрэгсэл юм. Саяхан болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлаар шатрын ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, ирэх есдүгээр сарын 1-ээс сургалтын хөтөлбөрт тууштай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Дэлхийн шатрын холбооноос 200 гаруй орны боловсролын сайд, төлөөлөгчдийг оролцуулсан олон улсын конгрессыг есдүгээр сарын 15-28-ны өдрүүдэд Узбекистан Улсын Самарканд хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар шатрыг технологийн дэвшил болон хиймэл оюун ухааны эрин үетэй хэрхэн уялдуулах талаар хэлэлцэх бөгөөд Монгол Улс энэ чиглэлд дэлхийтэй хөл нийлүүлэн, зарим талаар түрүүлж алхах боломж нээгдэж байна.
Хиймэл оюун ухааны эрин үед 2045 он гэхэд өнөөдрийн нэгдүгээр ангийн сурагчид хөдөлмөрийн зах зээлд гарахад олон сая ажлын байр устаж, оронд нь зөвхөн хүн л хийж чадах бүтээлч сэтгэлгээ, "зөөлөн ур чадвар" шаардсан шинэ ажлын байрууд бий болно.
Тиймээс ирээдүйн иргэдээ бэлтгэхэд шатар хүний оюун санааны хөгжилд өмнөх үеүдээс илүү их ач холбогдолтой болох нь батлагдаж байна.
Алберт Эйнштейн "Логик сэтгэлгээ таныг А цэгээс Б цэгт хүргэдэг бол уран сэтгэмж хаана ч хүргэж чадна" гэж хэлсэн байдаг.
Шатар бол математик шиг хийсвэр сэтгэлгээ, ой санамжийг хөгжүүлдэг тархины дасгал юм.
Түүнчлэн шатрын гоо сайхан нь зөвхөн нүүдэлдээ биш, түүний цаана орших уран сэтгэмж, гүн бодолд оршдог учраас үүнийг нэг төрлийн урлаг, шударга өрсөлдөөний спорт гэж үздэг.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад шатар заах хөтөлбөрийг Боловсролын яамнаас олон улсын аргачлалын дагуу боловсруулан хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрт онлайн платформуудыг ашиглахаас гадна багш нарт зориулсан гарын авлага, сургалтын материалуудыг бэлтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.