Иргэд 0.7га газраа ч авч чадахгүй байхад эрх мэдэлтнүүд нийслэлийн газрыг дэнчинд тавьж, мөрийтэй тоглож байна

Олны танил эрхмүүд болох Х.Мөнхжин болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Энхжаргалан нар нийслэлийн өмчит газрыг мөрийд тавьж тоглож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, ихээхэн маргаан дагуулаад байна.

Энэхүү асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад одоогоор шалгаж буй хэрэг байхгүй гэж мэдэгдсэн юм. Гэтэл жирийн иргэд хуулиар олгогдсон 0.7 га газраа хүсэлт өгөөд ч авч чадахгүй байгаа энэ үед төрийн төлөөлөл болон олны танил хүмүүс нийтийн өмчөөр дэнчин тавьж буйд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс энэхүү асуудал олон нийтэд ил болсон нь чухал ач холбогдолтой бөгөөд хууль хяналтын байгууллага үүнийг анхааралдаа авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. 

Олон жил хөөцөлдөөд ч газраа өмчилж авч чадаагүй иргэдийн хувьд "Бидний авах ёстой зүйл бүтэхгүй байхад эрх мэдэлтэй хүмүүс нь газраар тоглож суугаа нь харамсалтай" хэмээн бухимдаж байна. Мөн газрын албаны авлига, хээл хахуулийн асуудал газар авсныг шүүмжилж, төрийн бодлого жирийн иргэдэд бус, зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсэг бүлэгт үйлчилж байгаад гомдолтой байгаагаа хэлэв. Нийслэлийн хэмжээнд нэг сая гаруй иргэн газар өмчлөх хүлээлттэй байгаа гэсэн судалгаа бий.

Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар иргэн бүр 0.7 га газар өмчлөх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэх механизм нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Цахим системээр хүсэлт өгөхөд хүндрэлтэй, газрын төлөвлөлт, олголтын мэдээлэл хаалттай байгаа нь иргэдийг мэдээллээс хоцроож, амьдралын баталгаа болох газраа авч чадахгүй байхад хүргэж байна.

Гэтэл нийслэлийн төлөөлөгчид газрыг хоорондоо сугалаагаар бэлэглэх, мөрийд тавих зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь төрийн бодлого ямар түвшинд байгааг харуулж байна. Цаашид төрөөс хэрэгжүүлж буй газрын бодлого ил тод, ойлгомжтой байх шаардлагатайг мэргэжилтнүүд болон иргэд сануулж байна. Газар олголтын мэдээллийг цахимаар болон биечлэн авахад ямар нэгэн саадгүй, нээлттэй болгох нь төрийн ажлын хариуцлагыг дээшлүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах гол үндэс болох юм. Газрын тухай хуулийн заалтууд амьдрал дээр бодитой хэрэгжихгүй байгааг эргэн харж, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаг болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.