Венесуэлийн иргэн Rossanna Figuera: Ардчилал маш эмзэг. Ардчилалд та, би, бид бүгдээрээ ус агаар мэт хэрэгтэй байдаг юм байна!

579
Судлаач В.Ганзориг нэгэн Венесуэл эмэгтэйн 8 жилийн өмнө улс орныхоо нөхцөл бадйлын талаар бичиж байсан нийтлэлийг орчуулжээ.
Нью-Йорк хотод гайхалтай сайхан ресторан ажиллуулдаг дэлхийн залуу манлайлагч бүсгүй 8 жилийн өмнө нэлээд бухимдалтай пост оруулж байв. Яг л өнөөгийн Монголын нийгмийн бидэнд хандаж бичсэн гэмээр агуулга байна. Уншаад нэгийг бодно буй заа!
Венесуэлийн иргэн Rossanna Figuera:
-Би Венесуэл улсад төрж өссөн. Дэлхийн газрын тосны хамгийн том ордууд бүхий манай улс нэгэн цагт хүчирхэг ардчилал ба эд баялгийн үлгэр жишээ хослол гэж дэлхийд гайхагддаг байв. Бид латин америкийн хамгийн хүчирхэг дундаж давхаргыг бүрдүүлдэг байсан. Хүчирхэг институтиуд, гайхалтай боловсролын систем. Хөгжиж буй улсуудын дэлхийн цөм нь гэгддэг байлаа.
Харин өнөөдөр манай улсын нийслэл Каракас хот дэлхийн хамгийн аюултай цэг болчихлоо. Хүн амын 80 гаруй хувь нь нэн ядуугийн туйл болоод хувирсан. Венесуэл хүүхдүүд хоол тэжээл, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүйгээс үхэж байна. Өнгөрсөн жил венесуэлчууд дунджаар нэг хүний 11 паунд буюу 5 кгаар жин хасч тураалын зүг рүү мөлхөж байна.
Ийм нөхцөлд байдалд хэрхэн хүрснийг та мэдмээр байна уу?
Бүх зүйл сонгуульд саналаа өгөхөөс эхэлсэн юм. Популист нэгэнд санал өгч ерөнхийлөгч болгосон. Ерөнхийлөгч болсон тэрбээр конгресс дотор өөрийн ижил дугуйнуудаар багаа бүрдүүлсэн. Улмаар тэд дээд шүүхийг гартаа оруулж өөрсдийн тааллаар хууль өөрчилж, хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж чадсан. Газрын тосноос орж ирж буй улсын орлогыг сонгогчдын саналыг худалдаж авахад зориулан сонгуулиас сонгуулийн хооронд ашигласаар байсан.
Ардчилал маш эмзэг. Ардчилалд та, би, бид бүгдээрээ ус агаар мэт хэрэгтэй байдаг юм байна. Бид очиж саналаа өгөх ёстой байдаг юм байна. Ингэж байж бид өөрсдийн хүссэн нийгмээ цогцлоох боломжтой болдог юм байна. Эс бөгөөс ардчилал хоромхон зуур цөөн хэдхэн хүмүүсийн өөрсөддөө л ашигтайгаар нийгмийг өөрчлөн ашиглах хэрэгсэл болчихдог юм байна.
Хорвоог өөрчлөх үйлдэл ганцхан үйлдлээр л эхлэдэг. Ямар ч сонгуульд идэвхтэй оролцож саналаа заавал өгч занш. Бусад хүмүүс таны өмнөөс ирээдүйг чинь бий болгохыг хэрхэвч үл зөвшөөр!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here