Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
УИХ-ын дараг Н.Учрал зүүн аймгуудад ажиллаж байна.
Бүс нутгийн уламжлалт аж ахуй, суурь дэд бүтэц, газарзүйн байршлын онцлог зэргийг харгалзан зүүн бүсийн хөгжлийн хөшүүрэг нь тээвэр ложистик, боомтуудыг холбосон автозамын сүлжээнээс эхтэй. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэлх чиглэлийн эхний үе шат болох 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Энэ зам ашиглалтад орсноор манай улсыг дайран өнгөрөх Ази, Европыг холбосон автозамын сүлжээ шинээр нэмэгдээд зогсохгүй, Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэж, бүс нутгийн худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлт нэмэгдэх олон талт ач холбогдолтой.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Ж.Батсуурь, Л.Соронзонболд, Ц.Идэрбат нарын хамт Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт - Бичигтийн боомт чиглэлийн 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын явцын мэдээллийг газар дээрээс нь сонслоо.
Аймгийн эдийн засгийг бүтцээр нь эрэмбэлбэл бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд Бичигтийн боомт хүртэлх хүнд даацын хатуу хучилттай зам холбогдсоноор үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, эдийн засгийн эргэлт эрчимжинэ гэж тодотголоо. Түүнчлэн Замын-Үүдийн дараа орох удаах томоохон боомт болон өргөжих боломжтой төдийгүй БНХАУ-ын хэд хэдэн боомтоор дамжин Зүүн хойд Азийн орнуудтай худалдаа хийх гарц болох юм.
бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаандаа эхэлсэн ч түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтоос улбаалж удааширч, өнгөрсөн оны гүйцэтгэлээ авч чадаагүй байна. Гурван ч яам дамжсан олон шат дамжлагатай энэ процесс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулж, цаашлаад бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг хойш татсаар байгааг хэллээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, орон нутагт эрх мэдлийг шилжүүлснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудаа олон хаалга татаж, цаг хугацаа алдалгүйгээр хэрэгжүүлдэг байх боломжийг олгох ёстойг хэлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.