Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуульд хүүхдүүд куртык, малгай, бээлийтэйгээ хичээллэж байна
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн хананд цууралт үүсч, анги дотор бүх юм хөлдсөн нөхцөлд хүүхдүүд өвлийн зузаан куртык, бээлийтэйгээ хичээллэж байна. Гэсэн ч 5-7 цаг хичээллдэг хүүхдүүд даарч, чичирдэг бөгөөд судалгаа авахад сургуулийн нийт хүүхдийн 85 хувь нь бөөрний үрэвсэлтэй гарчээ.
Сурагч-1:
Манай сургууль үнэхээр хүйтэн. Самбар арчдаг ус нь таг хөлдсөн. Цонх арчигч шингэн ч таг хөлдүү үнэхээр хүйтэн орчинд бид суралцдаг.
Сурагч-2: Сургуулийн хана цуурсан. Дотор талаас нь тэр цууралтаар гаднах орчин, тэнгэр харагддаг. Маш их салхи сийгдэг. Сургуулийн коридороор явахад гадаа байгаа юм шиг хүйтэн байдаг. Бид хичээлдээ суухдаа куртыктэйгээ, малгайтайгаа зөндөө хувцас давхарлаад суудаг ч гэсэн өдрийн турш суудаг учраас маш их даардаг.
10в ангийн сурагч Эрдэнэсайхан: Би маш том мөрөөдөлтэй. Гэвч бидний суралцаж байгаа орчин үнэхээр хүйтэн байна. Өглөө орж ирэнгүүт тог байхгүй, паар маань цэв хүйтэн. Заримдаа биднийг амьсгалахад амнаас уур савсдаг. Бид биеийн тамрын спорт зааланд хичээллэхдээ хүртэл дотуур өмдтэйгээ ордог. Яагаад гэвэл заалны хувцастай орох ямар ч боломжгүй.

Манай сургуулийн паар хөрөнгүүнт бидний хөл маш их даардаг. Доороосоо ингэж байнга даараад байгаа учраас бидний бөөр маш их өвддөг. Өнгөрсөн намар бүх хүүхдүүдээс шээсний шинжилгээ авахад 80-85 хувь нь бөөрний үрэвсэлтэй гэж оношлогдсон. Бид эрүүл, аюулгүй орчинд суралцмаар байна.
11-р ангийн сурагч: Хичээлдээ 7 цагийн турш суухад гар, хөл даараад байдаг. Самбараа арчих гэхээр самбарын ус хөлдчихдөг. Энд тэндээс маш их салхи сийгдэг. Зузаан хувцас өмсөж ирсэн ч даараад байдаг.

8-р ангийн сурагч Бямба-Эрдэнэ: 7 цагийн хичээлд суухад маш их даардаг. Жишээ нь бид хичээлээ бичихээр гарч бээрч, өвдөг сийгдэг. Куртыктэйгээ л суухгүй бол маш их даардаг.
Бид дулаахан орчинд хичээл хийхийг мөрөөддөг болсон. Дулаан орчин бидний өдрийн бодол, шөнийн зүүд болсон.

Газарзүйн багш: Манай сургууль 2018 онд анх ашиглалад ороод 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анги, танхим маш хүйтэн байдаг учраас хүүхдүүд маань куртык, малгай, ороолттойгоо суудаг. Олон жилийн турш ийм нөхцөлд явж байна. Жил ирэх тусам улам л хүйтэн болж байна. Би 40 минутын турш л хичээл заахад толгойгоор сийгээд, чих, хамрын үзүүр, хуруу гар даараад, өвдгөөр сийгээд, хөл даараад байддаг. Гэтэл 7 цагийн турш хичээллэж байгаа хүүхдүүд маш их даарч байна. Тиймээс хүүхдүүд маань хичээлд суухад тав, тухгүй байна гэдэг санал, гомдлыг маш их хэлж байна.

Мөн 10 хүүхэдт тутмын 8-9 нь бөөрөөр өвдөж байна гэдэг маш анхаарал татах, харамсалтай тоо. Гэвч манай сургуулийн асуудал шат шатандаа очоод гацдаг. Мөн зарим багш дутагдалтай ч хүйтэн нөхцөлд шинэ багш нар тогтохгүй яваад өгдөг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.