Урианхай сурын мэргэн Х.Бямбажав Тува Улсад анх сур харвааг хөгжүүлж, зааж сургажээ

Урианхай сурын мэргэн Х.Бямбажав Тува Улсад анх сур харвааг хөгжүүлж, зааж сургажээ

Мөсөн сурын олон улсын наадамд ОХУ-ын Тува Улсаас зургаан тамирчин ирж оролцлоо. Түүний дотор Тува Улсын Ардын жүжигчин, Хошой мэргэн Андрей Монгуш нар ирсэн байна. Монгол Улсын Урианхай сурын мэргэн Х.Бямбажав 2014 онд Тува Улсад урилгаар очиж, нум сум харвааг зааж, сургаж, хөгжүүлжээ. Бид түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

Урианхай сурын мэргэн Х.Бямбажав:

-Миний хувьд 2014 оноос хойш Тува Улсын Соёлын төвтэй хамтраад сур харвааг хөгжүүлэхэд сэтгэлээ зориулаад явж байна. Тува Улс сүүлийн жилүүдэд Монгол туургатантайгаа соёлоороо ижилсэх гэж хичээж байгаа.

Тувагийн ард түмэн өөрийн гэсэн язгуур монгол өв соёлоо хөгжүүлэх тал дээр өөрсдөө их хичээж байна. Үүн дээр нь бид дэм, тус болж сур харваагаа хөгжүүлэхэд нь туслаад, уламжлал талаас нь зааж, зөвлөөд явж байна.

Анх 2014 онд бөх, морь хоёроо боломжийн хөгжүүлсэн ч сур харваа байхгүй байсан. Тиймээс сур харваагаа хөгжүүлэх гэж бидэнд хүсэлт тавьсан. Түүнээс хойш сур харваа чамгүй хөгжиж, өнөөдөр үр дүнгий нь үзэж байна. Одоо Тува Улсад өвлийн наадам болоход 100 гаруй харваач харвадаг болсон. Зундаа наадамд 200 орчим харваач оролцож байна. Шагнал урамшууллаа ч өндөр өгч, машин унаагаар байлдаг болсон нь хөгжилд түлхэц болж байна.

Таныг анх 2014 онд очиход ер нь харвадаг хүн байхгүй байж, тийм үү?

-Харвадаг хүн байхгүй байсан. "Одоогоос 100 гаруй жилийн өмнө бидэнд сур харваа байсан юм" гэдэг яриатай л байсан. Судлаачид нь ч мөн манайд ийм харваа байсан юм гэдэг л судалгаа ярьдаг байсан. Тувачууд бол Тагнын урианхайчууд шүү дээ. Тиймээс урианхай сурын харвааны төрлийг хөгжүүлбэл зүгээр гэж бид зөвлөсний дагуу урианхай сурын харвааын дүрмийг баримталж хөгжүүлсэн.

Одоо түүнээс хойш хүүхэд, залуус нь ч олноороо суралцаад, жилээс жилд идэвхитэй оролцдог болсон.

Таны анхны шавь нар улсынхаа хошой мэргэн болсон байна гэж байна шүү дээ?

-Тийм. Анхны шавь нараас наадамдаа хоёр түрүүлсэн хоёр хүн байна. Тувачууд Цагаан сараа их өргөн тэмдэглэдэг. Цагаан сар болон улсын наадмаараа цол олгодог. Цагаан сараараа "Цагаан мэргэн" гэдэг цол олгодог бол Үндэсний баяр наадмаараа "Гүрнээ мэргэн" цол олгодог. Миний шавь нараас хоёр түрүүлсэн хоёр, нэг түрүүлсэн 5-6 харваач байна. Нэгдүгээр үеийн, хоёрдугаар үеийн шавь нар байна.

Таны үйл хэргийг үнэлээд Тува Улсын гавъяат цол олгосон юм байна?

-Тува Улсын гавъяат гэдэг цолыг монголчуудад урлаг, соёл, спортын олон салбарт өгдөг. Надад Тувагийн үндэсний өв соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Тувагиййн гавъяат цол өгсөн. Тувагаас монголчуудад олгосон 12 дахь гавъяат болсон. Миний хувьд их баяртай байна.

Энэ жилийн Мөсөн сурын олон улсын тэмцээнд Тувагаас зургаан харваач ирсэн байх шиг байна.?

Цуваа харваанд сайн оролцсон. Хоёр харваач дэд мастерын болзол хангасан. Өнгөрсөн жил Мөсөн сурын мастер цолтнууд мөн төрж байсан. Өнгөрсөн жил харьцангуй олуулаа буюу 20 гаруй хүн ирж байсан бол энэ жил улс орны нөхцөл байдлаас шалтгаалаад, нум сум хил гаалиар авч гарахад их гүрний янз бүрийн бодлого нөлөөлж цөөхүүлээ ирсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.