Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно

Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр улс орон даяар амжилттай зохион байгуулагдлаа.

Сонгуулийн нэгдсэн дүнгээр нийт 46 мандатаас Монгол Ардын Нам (МАН) 26 мандат буюу 56.5 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Ялангуяа аймгийн ИТХ-ын есөн мандатад МАН-аас нэр дэвшигчид 100 хувийн санал авсан нь иргэд төрийн бодлогод итгэл хүлээлгэж буйн тод илрэл болов.

Энэ удаагийн сонгууль бүх бүсийн төлөөлөл болсон аймгуудад явагдсан тул олон нийтийн улс төрийн уур амьсгалыг тодорхойлох чухал ач холбогдолтой байлаа. Ард иргэд Засгийн газраас хэрэгжүүлж буй татвар, тэтгэвэр болон эрчим хүчний салбарын томоохон шинэчлэлүүдийг дэмжиж байгаа нь сонгуулийн дүнгээр баталгаажсан гэж үзэж байна.

 МАН-ын зүгээс 2024 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд тогтмол хяналт тавьж байгаа бөгөөд одоогоор хэрэгжилт дунджаар 30-40 хувьтай үргэлжилж байна. "Ардын нам ард түмэнтэйгээ" аяны хүрээнд намын удирдлагууд орон нутагт ажиллаж, цахим шилжилт болон гишүүнчлэлийн шинэчлэлийг улс орон даяар эрчимжүүлж эхэллээ.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ард иргэд, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигчийг тодруулахаа мэдэгдлээ.

Намын дотоод эв нэгдэл 31 дүгээр Их хурлаас хойш бүрэн хангагдаж, шинэ залуу үеийн удирдлагын дор бодлогын нэгдмэл байдалтай ажиллаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар МАН-ын рейтинг улс төрийн бусад хүчнүүдийг тэргүүлж байгаа бөгөөд цаашид ард иргэдийн итгэлийг бодит ажлаар хариулахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.